Осолдсон автобусны зорчигчид “Монруд” компанийн ажилчид байжээ
Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ноён сумын чиглэлд явж байсан 41 зорчигчтой автобус Төв аймгийн Сэргэлэн сумын “Ногоон дов” гэх газарт ачааны машинтай мөргөлдөж осолдсон. Ослын улмаас автобусны жолооч 36,44 настай хоёр эрэгтэй нас барсан бол ачааны автомашины жолооч бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Автобусаар зорчиж явсан 37 иргэн ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Одоогийн байдлаар нийт 9 хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь өнөө өглөө энгийн тасаг руу шилжлээ. Одоо эрчимт эмчилгээнд байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр зэрэгтэй. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээгээ аваад хэвийн байна" гэлээ. Харин 28 иргэн ГССҮТ-д ирж үзүүлээд зөвлөгөө аваад хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй учир буцаасан аж. Мөн тээвэрлэх боломжгүй гавал тархи болон аарцаг нурууны хүнд бэртэлтэй хоёр иргэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа. Тархи гавлын хүнд гэмтэлтэй иргэнд ГССҮТ-өөс явуулын баг мэс засал хийсэн хэмээн мэдээллээд буй. Осолд өртсөн хүмүүс “Тера экспресс” компанийн Өмнөговь аймагт байрлах уурхай руу явж байсан “Монруд” компанийн кемп, катерингийн ээлжийн ажилчид байжээ.