НЭМГ: "Хотын төвд туузан хорхой байна" гэсэн мэдээлэл нотлогдоогүй
Хотын төвд туузан хорхой байгаа тухай бичлэг цахим орчинд түгээгдэж иргэдийг хирдхийлгэсэн. Энэ мэдээллийн дагуу НЭМГ болон холбогдох албанаас мэдээлэл өглөө.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган, Сүхбаатарын талбайн зүүн талд Централ тауэрийн орчимд туузан хорхой байна гэсэн мэдээлэл цацагдсан. Мэдээллийн дагуу наймдугаар сарын 4-ний өдөр тухайн байршлуудад шалгалт хийхэд зам талбайд тогтоол ус болон туузан хорхой байгаагүй. Тухайн бичлэг нь Улаанбаатар хот, Монгол Улсад хийгдсэнийг тогтоох боломжгүй байсан. Улмаар энэ мэдээлэл нотлогдоогүй.
Мөн уг бичлэгтэй ижил утга бүхий гомдол мэдээлэл төрийн байгууллагуудад ирээгүй. Энэ бичлэгтэй ойролцоо утгатай мэдээлэл өнгөрсөн жил мөн өдийд олон нийтийн сүлжээгээр цацагдсан бөгөөд шалгахад нотлогдоогүй. Тиймээс ард иргэдийг айдаст автуулсан үндэслэлгүй мэдээлэл цацахгүй байхыг хүсмээр байна. Хэрэв халдварт өвчин тархах эрсдэлтэй нөхцөл үүссэн байвал иргэд төрийн байгууллагуудад хандаж, байршлыг тодорхой зааж гомдлоо гаргавал чиг үүргийнхээ дагуу шуурхай ажиллахад бэлэн буйгаа мэдэгдэв.
Бичлэг дэх туузан хорхой нь нохой, муур зэрэг амьтнаас гардаг хялгасан хорхой байж болзошгүй. Тэгэхээр тэжээвэр амьтандаа улирал тутамд вакцин хийлгэж хялгасан хорхойг устгах арга хэмжээ авч байх ёстой. Мөн тэжээвэр амьтнаа гадаа салхилуулах үедээ бохир буюу ялгадсыг уутанд хийж авч, хог хаягдлын цэгт хаях ёстой.