Netflix Өмнөд Солонгосын зах зээлд ноёрхсоноор жүжигчид ажилгүй болж эхэлжээ
Өмнөд Солонгосын кино урлаг уналтад орж, жүжигчид ажилгүй болж байгаа тухай салбарынхан мэдээлжээ. Энэ нь Netflix дотоодын зах зээлд нэвтэрч, асар их төсвөөр кино бүтээлд хөрөнгө оруулах болсон нь бусад кино компаниудын хувьд сүйрэл дагуулж эхэлсэн байна.
Тус улсад жилд 135 орчим кино бүтээл, жүжиг тавигддаг байсан бол энэ тоо огцом буурч 100-с доош тоонд хүрчээ. Мөн нээлтээ хийхээр хүлээгдэж буй кино төслүүд нэмэгдэх болсон бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн орлого ч мөн буурч эхэлжээ. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынханд хүнд тусаж, дампуурлын ирмэгт ирээд буйг мэргэжилтнүүд онцолсон байна.
Үүний сацуу А зэрэглэлд багтах жүжигчдэд киноны санал тэр бүр ирэхээ больсон тухай жүжигчин Ким Ха Ныл "Өмнө нь надад маш олон киноны санал ирдэг байсан. Би хэсэг завсарлага авсан, эсвэл амралттай байгаа гэх хариу өгдөг байлаа.
Харин одоо бол жүжигчдэд тэр бүр кинонд тоглох боломж олдохоо больсон. Кино зохиол унших санал ирнэ гэдэг маш үнэ цэнтэй зүйл болсон" гэжээ.
Жүжигчин Гу Хён Жон мөн энэ тухай "Надад ямар ч дүрийн санал ирэхгүй байгаа. Би гол дүр байх эсэх нь хамаагүй, тэр байтугай үзэгдээд өнгөрөх төдий дүр байсан ч хамаагүй цалингаа бууруулж тоглоход бэлэн байна" хэмээсэн байна.
Саяхан болж өнгөрсөн хэлэлцүүлгийн үеэр профессор И Хон Ёль "Netflix зэрэг платформуудын асар өндөр зардлаар хийж буй бүтээлүүд нь энэ салбарт өрсөлдөж буй бусад уран бүтээлчдийг оршин тогтнохын тулд контент бүтээхээ багасгахад хүргэсэн. Үүний дүнд драманы тоо эрс буурч байгааг бид харж байна. Мөн энэхүү платформуудад сонгогдсон цөөн хэдэн уран бүтээлчид л мөнгө олж байна" гэжээ.
Энэхүү мэдээ цацагдсаны дараа тус улсын интернэт хэрэглэгчид жүжигчдийг цалингаа бууруулахыг шаардаж эхэлжээ. Тус улсын А зэрэглэлийн жүжигчид нэг кинонд хэдэн зуун саяаас тэрбум хүртэлх воноор тоглодог бөгөөд кино бүтээх зардлыг дийлэнхийг жүжигчдэд зарцуулж буйг шүүмжилсэн байна.