Өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхэлжээ

360
 
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна. Сүүлийн үед объектын гал түймэр болон пийшин, зуухны галлагаатай холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын байдлаар шингэрүүлсэн шатдаг хийнээс үйдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Тодруулбал, орцны жижүүр газан плитка хэрэглэж байгаад гал алдсан, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй дуудлага байсан юм. Мөн иргэд зуухны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, газан плитка ашиглуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. “Тавантолгой түлш” ХХК “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулан өрх бүрийн пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх заавар зөвлөмжийг өгч ажиллах юм. Иймд иргэд та бүхэн өвлийн бэлтгэлээ хангаж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг анхаарахыг хүсч байна” гэлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгаа. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алслагдсан 5 хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүйгээр тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэсэн юм.
Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэд тарвагыг зөөвөрлөж, тээвэрлэж явснаар эдийн засгийн хувьд ямар зөрчил хүлээдэг вэ гэдгээ мэддэггүй. Зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрд 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг. Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээхээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна” хэмээлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Ковид-19” халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3405 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм. Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 18 онгоцоор 5464 зорчигч, 13 нислэгээр 1101 зорчигч, 229 авто тээврийн хэрэгслээр 4011 зорчигч ирж, хяналтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна” гэдгийг онцоллоо.
                      Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn