Н.Энхбаярын суганд хавчуулагдаж НИТХ-ын сонгуульд оролцож буй АН-д эмгэнэл илэрхийлье

426

Н.Энхбаярын суганд хавчуулагдаж орон нутгийн сонгуульд оролцохоор болсон АН-д эмгэнэл илэрхийлье. Хоёр намын одоогийн удирдлагууд /Үнэндээ МАХН Н.Энхбаярын мэдэлд ирснээс хойш нэг л хүний нам болсон/ энэ үйл явдлыг ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна хэмээн тайлбарлав. Гэхдээ МАХН хэзээ ч ардчиллын чиг баримжаатай байгаагүй бөгөөд харин ч өнөөгийн МАН-ын жийрхэж хаясан “хувьсгалт” гэдэг үгийг туг болгон барьж яваа. Дэлхий дээр хувьсгалт гэдэг үгтэй улс төрийн хүчин коммунист, хаалттай, нэг хүний дарангуйлалд орсон улсад л ганц хоёр бий байх. Харин үзэл бодлоо нь барууных хэмээн тунхагласан ч үг, үйлдэл нь ардчиллаас хазайх болсон Ардчилсан намын хуучин лидерүүдийн хувьд байгуулсан нам нь МАХН-д хадаг тавьсан явдлыг харахад гутамшигтай бас гунигтай санагдаж байгаа нь лавтай.
Монголчууд өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Баабар нарыг ардчиллын баатрууд гэж үнэлсээр ирсэн. Тэд өөрсдөө ч гэсэн. Харамсалтай нь хоёр удаагийн сонгуульд бүрэн ялагдсан шокноосоо болоод улс төрийн нүүдлээ хянаж чадахаа больсон Ардчилсан намын өнөөгийн удирдлагуудад үүнийг бодох сөхөө алга. Хүчтэй сөрөг хүчин хэмээх гоё үг нь стратегийн ямар том алдаа болж буйг тэд мэдэхгүй байна. Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд МАХН-тай нэгдэж орсноор Ардчилсан намын эрэмбийг тэр хэмжээнд буюу УИХ-д суудалгүй, сонгуулиар л амь орж, ашиг хонжоо хайдаг, нэг хүний намтай адил түвшинд аваачив. Уг нь УИХ-ын сонгуулиар ингэтлээ ялагдах юм гэж тооцоогүй ч ямар ч байсан тэд парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхүйц 11 суудалтай, тус намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчтэй улс төрийн хүчин болсон. Гэтэл НИТХ-ын 45 хан суудлын төлөө нэг хүний суганд хавчуулагдаж орох хэмжээнд очтолоо доош орж байгаа нь Ардчилсан намд хүч биш удирдан чиглүүлэх лидер дутагдсаны баталгаа. Ийм хүчээр сөрөг хүчний үүргийг давуулан биелүүлэх боломжтой юм шүү. Энэ бага хэрэг гээд орхивол цаашид МАХН-ыг яах вэ. Ардчилсан намын хувьд МАХН жинхэнэ шүдний өвчин, хоолой дээр тээглэсэн бүлх болж хувирна. Үндэсний бөхөөр бол түрүүлж ам авах эрхтэй аварга хүн тэр доор эрэмбэтэй улсын начинтэй өөрөө очоод золгочихлоо. Золгооноос хэн хаях вэ. МАХН-тай эвсэж сонгуульд орно гэдгээ нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа улсын эрх ашгийн төлөө ийм улс төрийн шийдвэр гаргаснаа хэлсэн. Гэхдээ АН, МАХН эвссэн одоогийн нөхцөлд Монгол Улс байтгугай Ардчилсан нам ч хожихгүй нь тодорхой. Ганцхан Н.Энхбаяр ба МАХН л хожно. Эвсэл гэдэг үнэндээ хариуцлага хуваагдах, хоёр эзэнтэй явах улс төрийн заль байдгийг сүүлийн 30 орчим жил монголчууд ханатлаа харж бас хаширсан болохоор ингэж эрээвэр хураавар эвслийн төлөө саналаа өгөх нь юу л бол.
Ер нь бол эвсэлд урьсан АН-д ч, хүлээж авсан МАХН-нд ч сонгогчдын итгэлийг хүлээх манлайлагч гэвэл өнөөдөртөө лав алга.
tumen.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn