COVID-19: ОХУ тавдугаар сар хүртэл гадаадын иргэдийг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

442

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн улс орнууд өвчнийг даамжруулахгүйн үүднээс төрөл бүрийн хязгаарлалт, хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. 
Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн ОХУ өвчний тархалтыг хязгаарлах үүднээс энэ сарын 18-наас тавдугаар сарын нэгэн хүртэл гадаадын иргэдийг нутаг дэвсгэррүүгээ нэвтрүүлэхийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 
Тэрбээр энэ шийдвэрийн талаар Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдтэй утсаар хэлэлцэн, дуулгасан байна.
"Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ОХУ-ын хууль тогтоомж, ОХУ-ын нэгдэнэ орсон олон улсын гэрээ, дүрмийн дагуу орон нутгийн цагаар 2020 оны гуравдугаар сарын 18-ны 00:00 цагаас 2020 оны тавдугаар сарын нэгний 00:00 цаг хүртэл ОХУ руу гадаадын иргэн болон харьялалгүй этгээдүүдийг нэвтрүүлэхийг хязгаарлах шийдвэр гаргасан талаар Михаил Мишустин улс орнуудын засгийн газрын тэргүүнүүдэд мэдээлсэн" хэмээн ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ. 
Мэдэгдэлд онцолсноор, ОХУ дахь гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд, консулын хэлтэсүүдийн ажилтнууд, олон улсын авто замын харилцааны жолооч, агаар, далай, гол мөрний усан тээврийн хөлгийн багийнхан, олон улсын төмөр замын гал тэрэгний болон зүтгүүрийн бригад, дипломат болон албан визтэй этгээдүүд болон албан ёсны төлөөлөгчид, Оросын нутаг дэвсгэр дээр байнга амьдран суудаг этгээдүүд, ойрын төрөл төрөгсөд нь нэас барсантай холбоотойгоор олгосон хувийн визтэй хүмүүс, агаарын хилээр дамжин өнгөрөх этгээдүүд дээрх хязгаарлалтад хамаарагдахгүй аж. 
Энд дуулгахад, гуравдугаар сарын 16-ны байдлаар ОХУ-д COVID-19 вирусээр халдварласан хүний тоо 30-аар нэмэгдэж нийтдээ 96 хүн болсон байна. Коммерсант сонины мэдээлснээр, одоогоор 15 мянга орчим хүн эмнэлгийн хяналтанд байгаа бөгөөд тэдэнд ямар нэг зовиур илрээгүй гэнэ.
Эргэн сануулахад, 2019 оны сүүлээр Хятадын Хубэй мужид дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдвар 130 гаруй оронд тархаж, улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ халдварыг "цар тахал" хэмээн зарласан юм.
Гуравдугаар сарын 17-ны мэдээллээр, нэг хоногийн дотор дэлхий даяар 13 903 хүн халдвар авч, 862 хүн нас барсан талаар ДЭМБ мэдээллээ.
Ийнхүү нэг хоногийн дотор халдвар авсан тохиолдол 13903-аар нэмэгдсэнээр дэлхий даяар нийтдээ 167 511 хүн шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан байна. Үүний талаас илүү хувь нь Хятадаас бусад орнуудад бүртгэгдсэн аж. 
Харин шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 6606 болсон бол 3388 нь Хятадаас бусад орнуудад бүртгэгдсэн тохиолдол гэж ДЭМБ мэдээлжээ. 
 Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn