“Өвлийг шүд зуугаад давлаа гэхэд дараа нь хаврыг яаж туулна даа” гэх малчид олон байна
Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр өнөөдөр тохиож байна. Маргаашнаас нар эргэж, цаг наашлах боловч малчдын хувьд одоо л өвлийн ид ажил эхэлж байгаа билээ. Өнгөрсөн зун гантай байсан аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн албаныхан мэдээлж, анхааруулж байсан. Тухайлбал, ган гачгийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр гэж гарсан. Тэгвэл дээрх аймгуудад яг одооноос эхлээд өвөлжилт хүндэрч эхэллээ. Тэр дундаа баруун аймгуудын нутгаар өвөлжилт сайнгүй байгаа юм. Тиймээс өвөлжилт хүндэрч буй Ховд аймгийн иргэд, малчидтай холбогдож, нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд олон хоног дараалан цас орсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Угтаа өнгөрсөн намар бусад сумдаасаа илүү өвсний гарц сайтай, ган багатай байсан. Зэргэлдээ сумдын малчид дээрх сумдын нутгаар оторлож, зарим нь хадлан, тэжээлээ бэлтгэж байж. Гэтэл өвлийн эхэн сар гараад өдийг хүртэл өдөр болгон цас орж, хүйтэрсэн учир ийнхүү өвөлжилт хүндэрч, зуд болж байгаа аж. Цасны зузаан одоогийн байдлаар дунджаар 40 гаруй сантиметрийн зузаантай байгаа бол зарим хэсгээрээ 60 орчим сантиметр болсон байна. Цасны зузаан цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг албаныхан анхааруулжээ.
Энэ талаар Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Дамба: -Өвөлжилт хүндхэн болохыг хэн бүхэн л мэдэж байсан. Тиймээс энэ өвлийг хэрхэн эрсдэлгүй давах вэ гэдгээ дор бүрнээ хайсан. Малчид малаа зарчихна гэж бодсон. Гэвч малын үнэ хямдхан дээр нь мал туранхай байгаа нь асуудал болж байна. Түүнээс гадна малыг нь борлуулах, зах зээл, эрэлтийг нь бий болгож өгөх ёстой албаныхан ажлаа хийхгүй, асуудалд хөшүүн хандаж байгаа нь өөр нэг онцлох асуудал болоод байгаа юм. Отрын асуудлыг ч сум орон нутаг, аймгийн хэмжээнд зохицуулчихаж болохоор. Гэтэл энэ чигийн асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого дутаж байна. Тэд сэтгэл гаргаж ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа нь малчдад болоод орон нутгийн иргэдэд энэ өвлийг давахад давхар нөлөө үзүүлж байна гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдэд малын үнэ ханш боломжийн сайн байсан. Зарим үед малын үнэ тэнгэрт тултлаа өссөн. Малчид малаа байнга л үнэтэй байна гэж буруу боддог. Малын үнэ заримдаа өснө, заримдаа буурна. Тогтмол сайн байна гэсэн зүйл байхгүй. Манайхан нэг жил махны үнэ өндөр байхаар л дараа жилээс нь малаа эрчимтэй өсгөж эхэлдэг. Энэ бол малчдын алдаа. Жил бүр тогтмол малаа сэлгээж, тоог нь хэтрүүлэлгүй эдийн засгийн эргэлтэд оруулж байх учиртай. Олон мал маллалаа гээд амьдрал сайжрахгүй. Цөөн мал маллалаа гээд амьдрал муудчихгүй шүү дээ. Малын ашиг шим тоондоо бус малчдын өөрсдийнх нь ухаанд байдаг. Тиймээс аль болох эрчимжсэн мал аж ахуйг өөрсдөдөө нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо зуд болж байна. Малаа эртхэн зарж, тоо толгойд нь анхаарсан, малынхаа тоонд бус чанарт анхаарсан хэрсүү малчид одоо зовох юмгүй сайхан амьдарч байна. Харин илүүг харж, бусдаас илүү олон малтай болох гэсэн хүмүүс одоо малынхаа боол болоод зовж байна. Тиймээс цаашид манай малчид малынхаа тоонд бус чанарт нь түлхүү анхаарч, аливаа байгаль цаг уурын эрсдэл, эдийн засгийн ашиг тус, тооцооллоо бодож малаа өсгөх, хариулах асуудлаа бодох ёстой юм болов уу гэж ойлгож байгаа.