Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 жилд 40 гаруй хувиар багасжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Төв Азийн уулархаг бүсийн улс орнуудын ундны усны үндсэн эх үүсвэр болох мөсөн голууд хурдацтай хайлж байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал буюу COP29-ийн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт тодотгосон байна.
2050 он гэхэд энэ бүс нутгийн мөсөн голуудын 50 гаруй хувь нь хайлж, 64 сая гаруй хүн ус, хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж болзошгүйг тус хөтөлбөрт онцолжээ.
Уулархаг бүс нутгийн улсууд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын багахан хувийг бүрдүүлдэг ч гамшгийн үр дагаврыг хамгийн ихээр амсаж байна. Тиймээс эдгээр улсын асуудалд илүү анхаарч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг тодотгосон байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хувьд усны нийт нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд багассаар байгаа. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан судалгаа гарсан. Тиймээс эко системийн тэнцвэрт байдлыг хамгаалахад анхаарах шаардлагатай байгаа”-г онцолсон байна.
Уул нурууд нь дэлхийн хуурай газрын 27 хувийг эзэлдэг. Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөөтэйгөөс гадна 1.1 тэрбум гаруй уулын иргэдийн амьдралын эх үүсвэр болж байна.