Автомашины улсын дугаарыг гурван сар хадгалахад 10 мянган төгрөг болно
Өнгөрсөн сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг хадгалуулах гэсэн хүмүүс олширчээ.
Өнгөрсөн оны есдүгээр сараас манай улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэлх хоногоор хадгалах үйлчилгээ нэвтэрсэн юм. Энэ үйлчилгээг Авто тээврийн үндэсний төвийн бүх салбарт үзүүлж байгаа аж. Иргэд хоёр тохиолдолд дугаар хадгалах үйлчилгээ авах боломжтой. Хэрэв та тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээрээсээ хасуулж байгаа бөгөөд улсын дугаараа цаашид ашиглах бол мөн та Улаанбаатараас хөдөө орон нутгийн харъяалалтай хүнд машинаа зарж байгаа бол бичиг баримтаа бүрдүүлснээр энэхүү үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.
Өдрийн 13:40 цаг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн гурав, дөрвөн давхарт байрлах Авто тээврийн Үндэсний төвийн салбарт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тийм олон хүн оочерлосон байхыг их ховор харсан юм. Тэнд хүмүүс тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээ нөхөн авах, улсын дугаараа өөрчлөх, тээврийн хэрэгслээ бүртгүүлэх, улсын дугаараа хасуулах, хадгалуулах гэсэн янз янзын шалтгаанаар оочерлож байгаа аж.
Иргэд тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг хадгалуулахын тулд дөрвөн шат дамжлага дамжих юм.
Нэгдүгээрт, “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн Даатгалын нэг цэгийн үйлчилгээний төвөөс хасалт хийх, хадгалуулах бичиг хийлгэх юм. Тэнд иргэдэд гурван ажилтан үйлчилж байх бөгөөд бусад хэсгээ бодоход оочер дугаар бага байлаа. Гэвч тэнд нэг ажилтан 2-4 хүнд зэрэг үйлчилж байсан юм. Дараа нь үүдний хажууд зэрэгцүүлэн тавьсан хоёр ширхэг “Гэрэгэ” киоск машинаар өөрийн нэр дээрх улсын дугаар дээр байгаа авто замын төлбөр, торгууль, татвараа төлөх аж. Хүн хөдөлгөөн ихтэй байгаа учраас “Гэрэгэ” киоск машины голд нь сандал тавин зөвлөгч ажилтан байраа эзэлжээ. Тэнд 20 гаруй хүн дугаарлан зогсож байлаа. Киоск машинаар дээрх төлбөрөө төлсөн хүмүүс гар, хөл, бие чилээсэн дараагийн үе рүү очно. Тэр бол тээврийн хэрэгслийн дугаар хадгалуулах үе шат. Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтны араас 70 гаруй хүн дугаарлан зогсжээ. Энэ үе шат хамгийн удаан үргэлжилдэг бөгөөд нэг хүнд үйлчлэхэд 10-20 минут зарцуулж байгаа нь харагдаж байлаа. Тэнд оочер дугаараа булаалдаж ам зөрүүлсэн хүмүүс хаа сайгүй. Нялх хүүхдээ тэвэрчихсэн залуухан ээжээс ная гарсан буурал хүртэл нас насны хүмүүс тэнд байж харагдлаа. Хамгийн сүүлд дөрвөн давхарт гарч, тээврийн хэрэгслийнхээ хасалтыг хийлгэх юм.
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний хураамжийн талаар тус төвийн ажилчдаас тодруулахад 90 хоногийн 10 мянган төгрөг, нэг жилийн 20 мянган төгрөг болно гэсэн хариу өгсөн юм.
“Нисдэг машин” худалдааны төвийн гадна зогсоол бүрэн дүүрчээ. Машинаа байршууулах гэсэн иргэд ч цуваа үүсгэн зогссон байлаа. Энд байрлах Авто тээврийн үндэсний төв 08:30 цагаас үүдээ нээж, 17:30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Биднийг очиход “Ажилчидтай нь зэрэгцээд л ирсэн юм. Одоо хүртэл дугаараа хадгалуулж амжаагүй байна” гэсэн хүмүүс их байлаа. Иргэн Б “Дэндүү олон шат дамжлага дамждаг болохоор төвөгтэй юм. Би ганцаараа ирсэн болохоор хоол идэх гээд явах гэхээр оочероо алдчих гээд байна. Ядахад дотор маш бүгчим байна. Гадуур хувцсаа тайлах гэхээр тавих газар байхгүй. Оочер дугаар л маш их бухимдуулж байна. Хүмүүс хойноос оочер дайраад урдуур ороод байна. Хэлэхээр ерөөсөө үг авахгүй юм” гэсэн юм. Амралтын өдрүүдээр тус төв ажилладаггүй учраас иргэд ажлаа орхин байж дугаараа хадгалуулах гэж оочерлож байсан. Иргэн С “Машинаа Ховд аймгийн хүнд зарах гээд. Худалдаж авах хүн маань Улаанбаатарт ирчихсэн байна. Улсын дугаараа өөрийн нэр дээр авч үлдэх гээд 09:00 өнгөрч байхад энд ирсэн. Ирээд зургаан цаг болж байна. Одоо хэрнээ амжаагүй байна. Хахир өвлийн хүйтэн эхэлж байхад иргэдэд хүндрэл учруулсан ийм мунхаг шийдвэр гаргадаг төр засагтай байх хэцүү ч юм даа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж. Гарсан шийдвэрийг нь дагаад түгжрэл буурдаг бол буурчихсан л байгаа шүү дээ” гэсэн юм.
Мөн нэг иргэн улсын дугаараа хадгалуулчихаад хасалт хийлгэх хооронд улсын дугаар нь өөр хүний нэр дээр болсон тохиолдол ч гарсан байна. Энэ талаар түүний дэргэд байсан иргэн М-ээс тодрууллаа. Тэрбээр “Би өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт автомашины улсын дугаар хадгалуулах гээд “Нисдэг машин” төвд байрлах Авто тээврийн үндэсний төв рүү очсон. Саяхан улсын дугаараа нэг хоног хадгалуулахад 5500 төгрөг болдог байсан. Би Авто тээврийн үндэсний төвийн лавлах утас болох 19001234 дугаараас улсын дугаар хэдэн төгрөгөөр хадгалж байгааг тодруулахад гурван сар хадгалахад 10 мянган төгрөг болно гэсэн. Гэтэл саяхан нэг жил хадгалахад 20 мянган төгрөг болно гэсэн нь худлаа юм шиг байна лээ. Эхлээд гурван сараар хадгалуулаад дахин гурван сараар сунгаж болно гэж ажилчид нь хэлсэн. Тэгэхээр нийтдээ зургаан сарын хугацаанд л улсын дугаар хадгална гэсэн үг шүү дээ. Намайг улсын дугаараа хадгалуулах гээд явж байтал миний хажууд байсан хүн дугаараа хадгалуулчихаад дөрвөн давхарт гарч хасалт хийлгэх хооронд нь хадгалуулсан дугаар нь өөр хүний нэр дээр болчихсон байсан. Тэгээд холбогдох хүмүүст нь хэлтэл Авто тээврийн үндэсний төвийн дарга ч юм уу, “Нисдэг машин” төвд байрлах Авто тээврийн үндэсний төвийн даргын аль нэгнийх нь утасны дугаарыг өгч байсан. Утсаар ярихад нь, “Андуурсан байна. Таны асуудлыг шийдэж өгнө” л гэж хэлсэн. Хэрхэн яаж шийдийг нь мэдэхгүй байна. Өмнөх өдөр нь улсын дугаараа хадгалуулчихаад, маргааш нь хасалт хийлгэх гээд очтол дугаар нь өөр хүний нэр дээр болчихсон байна гэсэн хүмүүс ч тэнд байсан. Иймэрхүү асуудал их гарч байгаа юм шиг байна лээ” хэмээсэн юм.
Улсын дугаараа хэр удаан хугацаанд, хэдэн төгрөгөөр хадгалуулахаа ч мэдэхгүй хүн тэнд их байлаа. Хүмүүсээс улсын дугаараа хэдээр хадгалуулж байгаа талаар асуухад тэдний дунд үнэн зөв мэдээлэлтэй хүн өдрийн од шиг ховор байсан юм. Дийлэнх нь нэг сарын хугацаанд 10.000 төгрөгөөр хадгалуулна гэсэн мэдээлэлтэй байлаа. Зарим хүн нэг өдрийн 5500 төгрөгөөр хадгуулна гэж бодож явснаа ярьсан юм.
Энэ хүмүүсийн дунд автомашины улсын дугаар зарах гэсэн хүмүүс ч байв. Дунд эргэм насны нэг эрэгтэй рүү дөхөж очоод “Та дугаар хадгалуулах гэж байгаа юм уу” гэж асуутал урдаас “Чи улсын дугаар зарах гэж байгаа юм уу. Ах нь авна шүү” гэв. Тэрбээр “Энэ намраас энэ хавиар улсын дугаар зарах гэсэн ченжүүд их эргэлдэж байна. Азын биш, энгийн улсын дугаарын үнэ 1 сая 200 мянган төгрөгөөс эхэлж байна. Үүнээс арай хямд үнээр улсын дугаар олоод авчих гээд энд хоёр дахь өдрөө зогсож байна. Өнөөдөр улсын дугаар олдохгүй бол маргааш “Да хүрээ” рүү явна. 1 сая 200 мянган төгрөг гэдэг жирийн борчуудад хэтэрхий их мөнгө. Нэг гэрийн хоёр хүний нэгнийх нь бүтэн сарын цалингаар яаж машиныхаа ард, урд хоёр дугаар аваад өлгөчихөв дээ.
Уг нь ч ченжүүд эхэндээ 800 мянган төгрөгөөр улсын дугаар зарж байсан юм билээ. Тэр үед нь би хөдөө байж таараад авч чадаагүй. Миний найз тэр үед нь 850 мянган төгрөгөөр жирийн улсын дугаар авчихаад, сугалаанаас машин хожсон юм шиг л баярласан гэсэн. Улсын дугаарын үнэ дор хаяж 700 мянган төгрөг байвал сайн сан” гэсэн юм.
Ө.АНХМАА