Л.Мөнхбаясгалан: Хаврын морин уралдааны цуцалсан засгийн газрын тогтоол байх ёсгүй

4


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хаврын хурдан морины уралдааныг хориглох бус, хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр  “УИХ-аас баталж буй хууль, Засгийн газрын тогтоолууд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлах ёстой. Уг үзэл баримтлалд монгол түмний ондоошил, соёл, өвөрмөц уламжлалыг ямагт дээдэлнэ гэж заасан байдаг. Тиймээс хаврын морин уралдааныг цуцалсан Засгийн газрын тогтоол байх ёсгүй. Энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн Отгонбаяр манлайлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилсан” хэмээн ярив.

Мөн “Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд өөрийн сонирхлоор аливаа уралдаан тэмцээн, спортын арга хэмжээнд оролцоно гэж заасан байдаг. Үүнд хаврын морин уралдааныг хамааруулж тайлбарласан. Хүүхэд бага наснаасаа хурдны морь унаснаар бие даах чадвартай, хувийн зохион байгуулалттай болдог” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Мөнхбаясгалан болон бусад гишүүн 2026 оны аравдугаар сарын 14-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Төсөл нь хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэж байна.

Одоогийн зохицуулалтын тухайд, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхэд морь унахыг хориглосон. Харин 2025 оны 41 дүгээр тогтоолоор орон нутагт зохион байгуулах уралдааныг цаг агаарын нөхцөл байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрөлтэй уялдуулан зохион байгуулах зохицуулалтыг өөрчилжээ. Иймээс хаврын уралдааныг бүхэлд нь хориглосон гэж үзэхгүй юм. 

Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл тухайн сарын доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ.

Мөн уралдааны замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, морийг 14 болон түүнээс дээш настай хүнээр унуулах, унаачийг сэрүүний улиралд тохирсон хамгаалалтын хувцас, хэрэглэлтэй оролцуулах, даатгалд хамруулах, уяач болон унаач, түүний эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах шаардлага тавьсан байна.

Түүнчлэн уралдааны замд хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг өртөөчлөн байрлуулах, аюулгүй байдал, хэв журмыг хангах зохицуулалт тусгажээ. Уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг оролцуулах бөгөөд азарга, соёолон насны морьд 16-17 км, их насны морьд 18-19 км замд уралдахаар төсөлд заасан байна.

Хуулийн төсөл одоогоор өргөн мэдүүлсэн шатанд байгаа бөгөөд батлагдсан хууль биш юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn