Найман сургууль гурван ээлжээр хичээллэнэ

504



Сургууль, цэцэрлэг орох сургаар жил бүрийн өдийд нийслэл хотын шилжилт хөдөлгөөн идэвхждэг. Үүнийг дагаад шийдэгддэггүй нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж байдаг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 хувь нь сугалаанд азгүйтсэнээс гэртээ цоожтой үлддэг гэсэн тоон мэдээлэл бий.  Тиймээс Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг ч хүчирдэггүй, асуудал болсоор байдаг. Ямартай ч  2020 онд 100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөнө гэсэн амлалтыг өгч байсан. Харин энэ амлалтын хэрэгжилт, биелэлт нь хэр явж байгааг сонирхов. 
 
Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад орно 
Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд төрийн өмчит ЕБС болон цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг тодруулсан юм. Нийслэлийн хэмжээнд 2016-2019 оны хооронд нийт 77 цэцэрлэг, 33 сургууль шинээр баригдаж ашиглалтанд оржээ. Харин энэ жилийн хувьд 60 цэцэрлэг, 35 сургуулийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газрын ЕБС-ийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай “Энэ онд улсын болон нийслэлийн төсвөөр нийт 10.555 хүүхдийн 60 цэцэрлэг, 22.250 хүүхдийн 35 сургууль, 680 хүүхдийн дөрвөн бага сургууль, таван спорт заал, насанд хүрэгчдийн боловсролын нэг төв ашиглалтад орно. 
 
 
ЕБС-иудын хувьд гурван ээлжээр хичээллэхгүй байх боломжийг бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан. Энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орсон ч хүрэлцээг хүрэн хангаж чадна гэж хэлж чадахгүй. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их, хэрэгцээ шаардлага ихтэй байдаг” гэв.  
 
Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх ЕБС  цөөнгүй байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас энэ байдалд багагүй зохицуулалтыг хийсэн байна. Энэ жилийн хувьд, нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэлээ.  Тодруулбал, Баянгол дүүргийн “Сэтгэм” сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж.
 
Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна 
Боловсролын тухай хуульд зааснаар төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн Боловролын газарт хүлээн авдаг. Тэгвэл энэ жилийн бүртгэл нь эхэлжээ. Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг наймдугаар сарын 3-12-ний хооронд хүлээн авч эхэлсэн байна. Нийслэлд дотоодын хөрөнгө оруулалттай ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтэй бол Нийслэлийн Боловсролын газарт зохих материалаа бүрдүүлээд хандах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. 
 
 
Б.ТуулЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn