Баяртай Чүнчин

14
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах зуслангийн арга хэмжээний бүх хөтөлбөр дуусаж, аяны багийнхан 05-р сарын 15-ны өдөр Чүнчин хотоос аяарлалаа.

Чүнчин гэдэг үнэхээр гайхалтай хот, ёстой л “8D” хэмээх нэрдээ зохисон гайхалтай байгууламжтай. Нэг давхраас шатаар уруудсаар уруудсаар гараад очиход нэг давхар, дахиад бас нэг шат олж уруудсаар уруудсаар гараад очиход дахиад л нэг давхар, магадгүй тав, зургаа, цаашлаад хорин хэдэн давхар ч байж мэднэ. Уул бараадаж тохижсон “Уулын хот” мөнөөсөө мөн. Сүүлчийн өдөр “18 шат” хэмээх газарт хүрч хоолонд орох үеэр үүнийг нь яах аргагүй мэдэрлээ.

Чүнчин хотын "18 шат" гудамж

Долоон хоногийн турш хамт аялж, хамт суралцсан оюутан залуус маань онгоцны буудалд салах үеэр үнэхээр салж ядаж байлаа. Аяллын эхний өдөр харилцан танихгүй байсан хүмүүс хэдхэн хоногийн дотор танилцаж, дасалцаж, сайхан найзууд болсон байна.

Анх удаа оюутан дүү нартай хамт аялж үзсэн сэтгүүлч миний хувьд тэднээс сурах юм их байсан. Тэд эрч хүчтэй, бүх зүйлд идэвхтэй, суралцах, мэдлэг эзэмших эрмэлзэл бялхам байсан нь надад маш их таалагдсан. Маргааш шинэ зүйл үзнэ, шинэ газрын шинэ түүхтэй танилцана, залуучууд их зүйлийг асууна гэж бодохоор би өөрөө ч мэдээлэл хайж, мэдлэг цуглуулах урамтай болдог байлаа.
Энэ юу гэж байгаа? Тэр нь ямар учиртай вэ? Хэн гэдэг хүн яах гэж бүтээсэн? гэх зэргээр тэд бүх зүйлд сонирхол төрнө. Хэлээд өгөхөөр “Гайхалтай юм, сайхан байна, агуу юм аа” гэх мэтчилэн маш эерэг хариу өгнө. Бусдын шилдэг, давуу талыг хүлээн зөвшөөрч, үнэлж чаддаг байж өөрийгөө хөгжүүлэх ухамсар бий болдог болов уу гэж би ойлгодог. Энэ мундаг ухамсартай, эрч хүчтэй залуучуудын ард гэгээн саруул ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзээгүй итгэж явсан минь үнэн.
Ийнхүү Хятад, Монгол, Орос гурван улсын залуучууд, гурван улсын сэтгүүлчид хамтдаа Хятадын эртний гурван улсын түүхийн жимээр аялсан, “гурван гурав ес”-ийн бэлгэшээлтэй аян маань утга төгөлдөр өндөрлөлөө. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn