“Pfizer”-ийн вакцин бага насны хүүхдүүдэд өндөр үр дүн үзүүлжээ

413

“Pfizer-BioNTech” компани “COVID-19”-ийн вакциных нь гурван тун таваас доош насны хүүхдүүдэд өндөр үр дүн үзүүлсэн талаар даваа гарагт мэдэгджээ.
“Насанд хүрэгчдэд зориулсан тунгийн аравны нэгтэй тэнцэх хэмжээний тун бага насны хүүхдүүдэд дархлааны хүчтэй хариу урвал үзүүлсэнд бид баяртай байна” гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурлагийн мэдэгдэлд дурдсан байна.
Түүний хэлснээр, хоёр компани бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулах боломжийг аль болох ойрын хугацаанд бүрдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хүсэхээр төлөвлөж байгаа ажээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ хүүхдүүдийг вакцинжуулах зөвшөөрөл олгох талаар ирэх зургаадугаар сард хуралдах төлөвтэй байна. Тус байгууллага “Moderna” компанид гарган авсан вакцины бага тунд хүүхдүүдийг хамруулах талаарх мэдээлэлд хэдийнээ үнэлгээ хийж эхлээд байгаа юм.
Харин ням гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Тедрос Адханом Гербейесус Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ “COVID-19” цар тахал “дуусаагүй байгааг” анхааруулсан юм. Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай зэрэгцэн халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод байгаа үед тэрбээр ийнхүү мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүний ярьснаар, бүх бүс нутгийн 70 орчим оронд халдварын тохиолдлын тоо өсөж байгаа бөгөөд вирус алхам тутамдаа гайхшруулж байгаа тул цаашид хэрхэхийг нь таамаглахад хүндрэлтэй хэвээр байгаа аж. Хэдийгээр дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын улмаас зургаан сая гаруй хүн нас бараад байгаа ч бодит тоон үзүүлэлт 15 саяд дөхсөн байж магадгүй гэж ДЭМБ тооцоолж байгааг тэрбээр эш татжээ.
Т.Гебрейесус “COVID-19” цар тахлаас бүр мөсөн ангижрахын тулд хүн амынхаа 70 хувийг, 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг 100 хувь вакцинжуулахыг улс орнуудад уриалсан байна. "Мөн цар тахал ид шидийн мэт алга болохгүй. Гэхдээ бид зогсоож чадна. Шинжлэх ухаан бидэнд давуу талыг олгож байна" гэв.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд даваа гаргийн байдлаар “COVID-19” халдварын 525 сая гаруй тохиолдол илэрч, зургаан сая гаруй хүн нас барсан байна. 
Montsame.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn