Эдийн засагт реформ хийх намрын чуулган

404
УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.   Чуулганы эхэнд  Чингис хааны эш хөргийг  Их хуралдай танхимд залах ёслол болов.  УИХ-ын дарга  Г.Занданшатар Ерөнхийлөгчийн зарлигийг  танилцуулж, “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн Их Эзэн Чингис хааныхаа захиасыг өдөр бүр санаж, дагаж мөрдөхийг гишүүдэд уриалснаар  энэ удаагийн намрын чуулган хөшгөө нээв.   Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, бусад улс орноос манай улсад суугаа Элчин сайд нар хүрэлцэн ирсэн байв.  УИХ-ын 65 гишүүн оролцож, ирц 85.5 хувь байлаа.
 
УИХ-ын дарга Г.Занданшатарын танилцуулсан таван реформ
Чингис хааны эш хөргийг залсны дараа парламентын спикер намрын чуулганаар онцгойлон анхаарч хэрэгжүүлэх таван бодлогыг танилцуулсан.  Энэхүү таван бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг амжилттай таван туулах боломжтойг онцлов.  Тэрбээр,
1. Төсвийн реформыг эрчимжүүлнэ. Төсвийг нээлттэй хэлэлцүүлж, ил тод байлгаж, төсвийн шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь намрын чуулганы эхний зорилт мөн.
2. Орлогын реформ хэрэгжүүлнэ. Хүн амын орлогыг нэмэгдүүлэх, орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх амьжиргаагаа өөд татах эрмэлзэлтэй ч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон байна. Эдгээр хүнд зориулсан итгэлийн зээлийг хуульчилж төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
3. Зарлагын реформ хэрэгжүүлэх зайлшгүй чухал байна. Үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх зарчмыг баримталж үр дүн гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье.
4. Аж үйлдвэржилтийг дэмжиж бизнесийн орчныг эрс сайжруулан хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх нь зүйтэй. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитой хэрэгжүүлэх нь чухал. Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулшгүй батлах хэрэгтэй.
5. Ээлжит чуулганаар жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт тендерт олон төрлийн булхай байгааг иргэд шүүмжилдэг. Үүнийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлага оногдуулах нь шударга ёс тогтоох нийтлэг зарчимд нийцнэ гэлээ.
 
Эшлэлүүд
Ийнхүү  УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, “Төрийн дуулал” эгшиглэснээр нээлтийн чуулган өндөрлөв.  Хуралдааны дараа УИХ-ын болон Засгийн газрын гишүүд зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Ерөнхий сайдын зүгээс АН-ын гишүүдэд сайд болгох ямар ч санал тавиагүй. МАН 62 суудалтай,  Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
- Өвөлжилтийн бэлтгэл эрчим хүчний салбарт 85 орчим хувьтай хангагдсан. Хил дээр саатсан зүйлс, үнийн өсөлтөд зэрэг тулгамдсан асуудал олон байна. Нийслэлчүүдийг өвөл хөлдөөхгүйн төлөө ажиллана. Гайгүй байх.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Нэг ам.долларын ханш 3500-д хүрлээ. Инфляц өндөр үед үүнийг шийдэх арга зам нь төсвөө хэмнэх юм. Гэтэл төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирлээ. Монгол Улс ирэх онд олон гадаад бонд төлнө. Тухайлбал,  570 сая ам.долларын төлбөр хийнэ. Байхгүй тохиолдолд дампуурлаа зарлана. Нэгэнт дефолт зарлачихвал 10 жил сэргэхгүй.  Тэгэхээр мөнгөний бодлогыг нэгдүгээр тавь. Хоёрдугаарт, тэтгэврийн зардал дөрвөн их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Тэтгэврийн шиэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
- ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Одоогоор манай улсын иргэний амь насанд хохирол учруулсан ОХУ-ын иргэнийг яллагдагчаар татан шалгаж байна.  Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна.  ОХУ, манай улсын хувьд 30 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Энэ хүрээнд тус улсын иргэд манай улсад орж ирсэн.  Гэхдээ ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс зогсонги байдалд орсон гэсэн мэдээлэл авсан.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
- Шатахууны нөөцөд асуудал үүсээгүй. “Магнай трейд” компанийн санхүүгийн дотоод асуудлаас болоод түгээлтэд саад учирсан гэсэн тайлбар ирүүлсэн.  “Магнай трейд” АИ-92 автобинзений 30-40 хувийг нийлүүлдэг, АИ-92-т суурилсан компани. Хэсэг хугацааны дараа санхүүгийн асуудал шийдэгдэхээр түгээлт жигдэрнэ.
 
Сөрөг намын акц
УИХ-ын чуулганы танхимын үүдэнд АН-ынхан эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харуулсан үзүүлэнг дэлгэн харуулсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат микрофонгүйгээр байр сууриа  илэрхийлж, УИХ-ын дарга Г.Занданшатар руу парламентын гишүүний үнэмлэхээ ч шидэж харагдав.  УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна” гэсэн юм.
 
Боловсролын ерөнхий хууль, Газрын багц хуулийг хэлэлцэнэ
Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын  даргын захирамжаар  сар бүр баталж байхаар болсон.  Энэ дагуу аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамжийг баталлаа.  Энэ сард ирэх оны төсөв болон Боловсролын ерөнхий хууль, Газрын багц хуулийг хэлэлцэнэ.  Мөн намрын чуулганы хугацаанд   60 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлахаар товлосон.   Тухайлбал, Түгжрэлийн бүсийг зарлан арга хэмжээ авах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиуд багтаж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn