Зеленский дайн эхэлснээс хойш анх удаа Ши Жинпиньтэй утсаар ярьжээ

228

ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайны тал дээр БНХАУ төвийг сахисан байр суурь баримталж, харин барууныхан Хятадын эрх баригчдыг Оросыг дэмжиж, нууцаар цэргийн тусламж  үзүүлж байгаа хэмээн буруутгасаар ирсэн. ОХУ-ын эсрэг олон хориг тавигдаж, энэ улс дэлхийгээс тусгаарлагдсан үед Хятад зэрэг цөөн оронтой "нөхөрсөг" харилцаатай байгаа тул БНХАУ-ын дарга энэ сөргөлдөөнд цэг тавихад нөлөөлж чадна гэсэн байр суурь ч дайн эхэлснээс хойш өнөөг хүртэл байсаар байгаа юм. Тиймдээ ч энэ оны гуравдугаар сарын сүүлээр Орост хийсэн айлчлалаар сөргөлдөөнийг зогсоох талаар тодорхой яриа хэлэлцээ хийгдэж магадгүй гэж дэлхий нийт чих тавьж байсэн ч энэ найдлага талаар болсон. Түүнчлэн Москвад айлчилсныхаа дараа Ши Жинпинь Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийнэ гэсэн мэдээлэл гарч байсан ч мөн л ийм хэлэлцээ болоогүй юм. 
 
Харин удтал хүлээлгэж байсан хэлэлцээ лхагва гарагт болжээ. Тодруулбал, Хятадын дарга Ши Жинпиньтэй утсаар "удаан, олон талыг багтаасан" яриа хэлэлцээ хийсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулсан байна.
 
Энэ хэлэлцээг Ши Жинпинийн гуравдугаар сард Москвад хийсэн айлчлалаас хойш л дэлхий нийт хүлээж байсны дээр дайн эхэлснээс хойш хоёр тал анх удаа хэлэлцэж байгаа нь  энэ юм.
 
Утсаар ярилцах үеэрээ Ши Жинпинь Украин руу тусгай төлөөлөгч илгээнэ хэмээн мэдэгджээ. Энэ төлөөлөгч нь цэргийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар бүхий л талтай хэлэлцээ хийх үүрэг хүлээх  аж. 
 
Мөн Хятад улс Украины хямралын асуудал дээр үргэлж энх тайвныг баримталж ирсэн, БНХАУ хэлэлцээ хийх, энхийг тогтооход дэмжлэг үзүүлэх байр суурьтай гэж Ши Жинпинь онцолсныг Синхуа агентлаг дамжуулсан байна.
 
"Нэг цагийн хугацаанд бид ярилцахдаа хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Украины хувьд шударга, тогтвортой энх тайвныг тогтоох зорилгоор хамтран ажиллах арга замыг хэлэлцэх тал дээр онцгойлон ярилцсан" хэмээн Зеленский мэдэгджээ. 
 
Энх тайван НҮБ-ын Дүрмийг хүндэтгэх, олон улсын зарчмууд дээр үндэслэгдсэн тогтвортой, шударга байх ёстойг Зеленский цохон тэмдэглэсэн байна. 
 
"Нутаг дэвсгэрээ буулт хийж өгөн байж энх тайвныг тогтооно гэж огт байхгүй. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг 1991 онд тогтоосон хилийн хүрээнд сэргээнэ" хэмээн Зеленский мэдэгджээ. 
 
Ассошейтед Пресс агентлагийн мэдээлснээр, Зеленскийтэй ярилцах үеэрээ Ши Жинпинь Орос, Украины хооронд хэлэлцээ хийхийг уриалж, "цөмийн дайнд ялагч гэж үгүй"-г сануулсан байна. 
 
Тэрбээр мөн улс төрийн зохицуулалтын талаарх хэлэлцээ хийх тусгай төлөөлөгчийг Украин руу илгээхээр болсон бөгөөд Орост Элчин сайдаар сууж байсан Ли Хуэй тусгай элчээр томилогдоно гэж Хятадын Гадаадын хэргийн яам мэдэгджээ. 
 
Бусад орнуудын байр суурь 
 
Зеленский, Ши Жинпинь нар утсаагр ярилцсаныг АНУ-ын захиргаа талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 
 
"Энэ хэлэлцээ энхийн төлөвлөгөө эсвэл саналыг урагшлуулах эсэхийг бид яг одоо мэдэж чадахгүй ч нааштай алхам" гэж Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби мэдэгджээ. 
 
Германы Засгийн газар ч мөн Ши Жинпинь, Володимир Зеленский нар утсаар ярилцсаныг сайны  дохио хэмээн нэрлэсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Хятад улс "Украины эсрэг Оросын өдүүлсэн түрэмгий дайныг зогсооход онцгой хариуцлага хүлээж байгаа" хэмээн Германы Засгийн газар мэдэгджээ.
 
"Украин, Хятадын хооронд хамгийн өндөр түвшинд яриа хэлэлцээ хийгдэж байгаа нь тун сайны дохио. Украинд шударга энх тайвныг тогтоох үндэс нь Орос улс цэргээ гаргах явдал юм" гэж Германы Засгийн газар онцолжээ.
 
Оросын тал ч энэ хэлэлцээртэй холбоотой байр сууриа илэрхийлсэнн байна. "Хэлэлцээрийн явцыг эхлүүлэхээр Хятадын тал хүчин чармайлт гаргаж байгааг онцолж байна" хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549111
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn