Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв

136


УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Санал хураалтад 38 гишүүн оролцож, 77.6 хувийн саналаар төслийг баталсан юм.  Төсөл батлагдсанаар  Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж,  гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзахаар болсон юм. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүнээр  Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд нар ажиллахаар болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан хуулийн өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг тусгахаар заасан байдаг билээ.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар боллоо. УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулна. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. Тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлдэг дэгтэй.

Эрх баригчид 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа хоёр өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулна хэмээн үзэж гишүүдийн тоог нэмэх санал оруулжээ.  Тодруулбал, Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын  гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ.  Үндсэн хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар ирэх сонгуулийн үр дүнгээр 152 гишүүнтэй парламент  бүрдэнэ. 1992 онд Үндсэн хуулийг батлахад 120 гишүүнтэй байх санал гаргаж байсан ч нэг  хэсэг нь 51 байх ёстой хэмээн үзэж, дундажлаад 76 гишүүнтэй баталсан. Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдсан ч АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр энэ санал дэмжигдээгүй.  Харин энэ удаа парламентад суудалтай МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намын төлөөлөл ч гишүүдийн тоог 152 байх дээр санал нэгдсэн гэдэг мэдээлэл бий. Төрийн ордонд ч энэ тухай яриа гарч, гишүүдийн тоо 152 болвол нэг өрөөнд хоёр гишүүн суух хуваарилалтыг хийнэ хэмээн яриад эхэлсэн билээ.

Дараагийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг тусгажээ.   Ингэснээр парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна.  Хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж,  60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn