“Арал” тойрсон атгын чинээ 13 дугаар тойрог

61

Бүхэл бүтэн дөрвөн аймаг, 50-60 сум багтаасан сүрдэм том тойрог бүсчилсэн сонгуулийн газрын зураг дээр байхад энд тэнд тарсан л болохоос “арал” тойрсон атгын чинээ нутагтай тойрог ч бас байх. Энэ бол нийслэлийн алслагдсан гэх Налайх, Багануур, Багахангай дүүргийг хамарсан УИХ-ын 2024 оны сонгуулийн 13 дугаар тойрог. Хоёрхон мандаттай. Өмнөх 2020 оны сонгуульд ч энэ хэдэн “арал” дангаараа хоёр мандаттай 21 дүгээр тойрог болж байсан. Нэлээн дээхнэ бол Хан-Уул дүүрэгтэй нэг тойрог болж байсан түүх бий. Дан дангаараа салж өөр өөр дүүрэгт “наалдан” тойрог үүсгэж явсан ч үе бас байдаг. “Арал” гэдгийн учир нь гурван дүүрэг бие биеэс алс, ерөнхийдөө Төв аймгийн нутаг дээр орших бөгөөд Улаанбаатарын газрын зургийг дэлгэвэл энд тэнд, усан дундах жижиг арал мэт ов товхон толбо болон харагдах бөлгөө.
Бүсчилсэн том тойрог гэдэг утгаар авч үзвэл энэ мэтээр газар нутаг, сонгогчдын тооны хуваарилалт дээр “гомдмоор” ялгаа харагдаад л байгаа юм. Зарим тойргийнхон Алтай, Хангайг арлаж өвөрлөж, арвин их газрын хэдэн түмэн сонгогчтой уулзаж явахад 13 дугаар тойргийнхон бол гурван “арал”-аа дамжсан шиг ээ, 18 хоногт хэд л бол хэдэн уулзалтыг сонгогчидтойгоо хийх нь дээ. Энэ гурван дүүрэг бүгд төвлөрсөн газар гэдгээрээ бүр хялбар. Арай том нь Багануур, тэгээд Налайх, жижиг нь Багахангай. Ингээд бодохоор улсын хойд хилээс өмнөд хил хүртэл давхих, тэгээд 10 мандатын төлөө арцалдах хоёрдугаар тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтайг хэрэн хэсэж өрсөлдөх нэр дэвшигчдийн дэргэд атгын чинээн гурван “арал”-тай 13 дугаар тойргийнхон гэртээ суугаад сонгуульдсантай бараг ижил. Энэ талаас хараад үзэхэд нэр дэвшигчдийн ижил тэгш гарааны нөхцөл хангагдаагүй гэж хэлж болохоор байгаа юм. Гэхдээ Улаанбаатар хотыг 42 бүсэд хуваан хөгжүүлнэ гэдэг талаас аваад үзвэл яваандаа энэ гурван алслагдсан дүүрэг нэг бүс болж хөгжинө хэмээн үзэж “бүсчилсэн” юм байлгүй дээ.
Одоогийн УИХ-д уг тойргийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан, гишүүн Ц.Сандаг-Очир нар төлөөлж байна. С.Амарсайхан гишүүн Налайхын уугуул. Ах дүүсээрээ Зайсан толгойг өмчилж, өмнүүр нь хаалт болсон харш барьж дүр төрхийг нь энгийн иргэд харах болмжгүй болгосон, Туулын бургасыг хядсан зэрэг дуулианы эзэн. Төрсөн ах С.Отгонбаяр нь УИХ, Засгийн газрын гишүүн байв. Өөрийн хүү А.Эрдэнэхүслэнгээ  БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан гэх ярианд С.Амарсайхан гишүүн удаа дараа өртөөд авсан. Хүүгийнхээ авсан зээлийн талаар ам нээхдээ “Үүнийг төлчихнө. Миний хүү өөрөө энэ тэтгэлгийг олсон юм. Би их олон хүүхдийн төлбөрийг хувиасаа даадаг” хэмээн мэдэгдэж байв.  Бас ковидын хатуу хөл хорионы үеэр гэргий Ч.Ичинхорлоо нь Халдвартын эмнэлэгт нэвтэрч корона вирусээр өвдсөн эцэг эхээ эргэсэн тухай хэсэг шуугисан.Ковид туссан ойр дотнын хүмүүсээ эргэх бүү хэл, өөд болоход нь биечлэн хөдөөлүүлэх боломжгүй байсан хүнд үед хүмүүс тийнхүү бухимдсан нь аргагүй.
Хэдийгээр ийм шуугиануудад өртсөн ч түүнийг энэ 2024 оны сонгуульд 13 дугаар тойрогт хаалтгүй нэр дэвшүүлнэ гэсэн магадлал МАН-ын төв байгууллага хавиар дуулдаж буй. Шадар сайдын хувьд тэрбээр Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үеэр ч, үер ус, цас зудны цагаар ч Засгийн газрын нэрийн өмнөөс газар дээр нь нэлээд ажиллалаа. Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа улиран томилогдсон, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хорооны Монголын хэсгийн дарга, Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга гээд хавсарсан ажил олонтой.
Алслагдсан гурван дүүргийг өдгөө төлөөлж буй өөр нэг гишүүн нь Ц.Сандаг-Очир. УИХ-ын 2024 оны сонгуульд С.Амарсайханы хамт тойрогтоо дахин нэр дэвших магадлалтай дуулдаж буй ч авлигатай холбогдсон хар толбоо арилгаж чадаагүй л яваа. Ц.Сандаг-Очир гишүүн Багануур дүүргийн уугуул. УИХ-ын гишүүн болтлоо төрөлх дүүрэгтээ ажилласан.  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга дахиад л дүүргийн Засаг дарга гээд өмнөх бүх ажил амьдрал нь Багануур дүүрэгтэйгээ холбоотой. УИХ-ын идэрхэн гишүүдийн нэг.
Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө авлига, албан тушаалын хэргээр АТГ-т байцаагдаж, торгох ял сонсож байсан “намтартай”. Тэрбээр 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийн Газрын албаны дарга Х.Хишигбадрахтай хуйвалдаж, бусдад их хэмжээний газар хууль бусаар олгож, улсад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2013 онд шүүгдсэн.  Ц.Сандаг-Очир, Х.Хишигбадрах нарт төрийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж 7.7 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна. Гэвч 2016 онд Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг дарга болж, Х.Хишигбадрах нь 2016 оноос Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2021 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Орлогч даргаар томилогдож ирсэн аж.
Өмнөх базаахгүй түүхээсээ ч болсон уу, Ц.Сандаг-Очир гишүүн ийм тийм байнгын хороо, дэд хорооны дарга бололгүй дөрөв дэх жилдээ сул гишүүнээр парламентад сууж байна. Гэхдээ энэ хугацаанд нам гүм, амар жимэр байсан хэрэг биш.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр энэ 2024 оны эхээр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Багануур” ХК-ийн захирал асан Э.Номинчулуун нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай дуулдсан. Тэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан, өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн байдаг. Авлигын асуудалд нэр холбогдсоноос гадна ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээх зэмд унасан Э.Номинчулуун албан тушаалтайгаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт багагүй хэмжээний хахууль “атгуулсан” байж болзошгүй гэх дуулиан дэгдсэн. Бас болоогүй, Ц.Сандаг-Очир гишүүнээр дамжуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад нөлөөлүүлж огцролгүй үлдэх нүх малтсан гэх. Гэвч ондоо нэг авлигын хэрэг нь сөхөгдөн Э.Номинчулуун албан тушаалаасаа мултарсан гэдэг юм билээ. Ц.Сандаг-Очир гишүүний хөрөнгө орлого нэмэгдсэн талаар ч нэг үе яриа хөөрөө гарч л байсан. Түүгээр үл барам “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун Ц.Сандаг-Очир гишүүний 2020 оны сонгуулийн санхүүжилтийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, газар, хэлтсийн дарга нараа энэ ажилд дайчилж байсан гэнэ. Ц.Сандаг-Очир гишүүний гэргий Г.Соёлмаа дээрх Э.Номинчулуунтай ажил төрлийн холбоотой нэгэн аж. Ийнхүү авлигын хэргийн “хар тамга” даруулсан ч Ц.Сандаг-Очир гишүүн 2024 оны сонгуульд нэр дэвших мандатаа горилж л суугаа бололтой.
Хэрэв Шадар сайд С.Амарсайханыг жагсаалтад багтаавал Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг 13 дугаар тойрогт сойх хувилбар МАН-д бий ажээ. Тэрбээр Налайхын уугуул, Багануурт дунд сургуулиа дүүргэж, улмаар тус дүүргээс ажлын гараагаа эхэлсэн, Багануур хотын захирагч, Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад сайд болсон, тойрогтоо танил нэгэн юм. Нөгөө талаар Н.Тавинбэх бараг л Ц.Сандаг-Очир гишүүнийг “тоглоомын тойргоос гаргах” байх гэсэн таамаг ч дуулдаж буй.
АН-ын талаас МҮОНРТ-ийн захирал асан сэтгүүлч Цагааны Оюундарийг санал болгож магадгүй ч тус тойрогт тулгуур болох “хөл” хэр сайтай нь тодорхойгүй байгаа аж. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүн Дашзэвэгийн Алтанхуягийн нэр дуулдаж байна. Д.Алтанхуяг нь АН-ын дарга асан С.Эрдэнийг хурлын индэрт сууж байхад нь сандлаас нь татан унагаж, тайзан дээгүүр чирч гулдарч явснаараа “олны танил” болсон. Энэ тухайгаа тэрбээр тайлбарлахдаа “С.Эрдэнэ намын дарга ч биш, хурал даргалагч ч биш байсан атлаа АН-ын их хурлын тайзан дээр сууж байхаар нь бухимдал төрсөн. “Тайзнаас буу” гэж шаардлага тавихад буугаагүй. Бидний чөлөөтэй үг хэлэх эрхийг хязгаарлаж байсан. Тэгээд л түүнийг би түлхсэн. Үүгээрээ би хүний биед халдсанаа зөвтгөхгүй. Гишүүдээсээ уучлалт гуйя. Гэхдээ олон гишүүн С.Эрдэнийг буруутгадаг” гэжээ. Тэр бол 2022 оны долоодугаар сарын 2-нд болсон үйл явдал. Тэгэхээр Д.Алтанхуяг бол С.Эрдэнийн эсрэг багийн хүн гэсэн үг.
Дотроо хагаралтай АН нэгдсэн нэг санаагаар нэр дэвшигчээ тодруулна гэдэг бэрхшээлтэй гэдэг нь энэ мэт олон үйл явдлаас харгдсаар буй. Голлох хоёр намаас 13 дугаар тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар өнөөдртөө ийм сураг сонсогдож байна. Бусад намууд урьдын адилаар МАН, АН-ын горилогчдыг харж байж бодоор нүүх үү, хүү шидэх үү гэдгээ шийдэх биз ээ.

https://news.zindaa.mn/4tsu
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn