НОБГ-аас Улаанбаатарын гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийжээ

197
Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд орох хур тунадасны хэмжээ ихэссэн. Өнгөрсөн жил орон нутаг төдийгүй нийслэлд үерийн онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс урин дулаан цаг ирж, иргэд олноор амралт зугаалгад явах болсон энэ үед цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт анхаарал хариуцлагатай хандахыг онцгой байдлын албанаас дахин сануулж байна.
Өнгөрсөн сард гарсан нийт ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдолд 31 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн болохыг онцгой байдлын албанаас мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд голын ай сав газарт амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байгаа ч иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол буурахгүй байна. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө хийлдэг завинаас бага насны хүүхэд унаж эрсэдсэн тохиолдол гарсан билээ. Түүнчлэн сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй харин эсрэгээрээ огцом нэмэгдэж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд саяхан НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийсэн байна.
Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерт өртөх байдал өндөр гарчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2174 айл өрх байгаа юм. Эдгээр айл өрхийн 21.5 хувь буюу 407 нь зөвшөөрөлгүй суурьшсан нь тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд үерийн онцгой нөхцөл байдал үүсэхэд эдгээр айл өрхийн иргэд, ам нас, эд хөрөнгөөрөө хохирох өндөр эрсдэлтэй ажээ.
 
Н.ЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn