Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ
Дэлхийн хамгийн ядуу буюу дэлхийн нийт хүн амын 40 хувийнх нь гэр орон болсон 26 орон 2006 оноос хойш их хэмжээний өрөнд орсон гэж Дэлхийн банкны Ням гаригт нийтэлсэн тайланд харуулсан байна. Мөн эдгээр орнууд байгалийн гамшиг, геополитикийн нөхцөл байдалд өртөмхий байгааг онцолжээ.Эдгээр орнуудад :
- Этиоп
- Чад
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
- Мадагаскар
- Мозамбик
- Нигер
- Сомали
- Өмнөд Судан
- Танзани
- Уганда
- Замби
- Афганистан
- Йемен зэрэг оржээ.
Дэлхийн банкны тайлбарласнаар эдгээр орнууд нь 2006 онтой харьцуулахад их хэмжээний өрөнд орж, төлөх боломжгүй хэмжээнд орсон. Өрийн ДНБ-д эзлэх дундаж харьцаа 72 хувь болж, иргэд нь өдөр тутмын хэрэглээний зардлаа хангаж чадахгүй байдалд хүрсэн байна. Түүнчлэн, "Covid-19" тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа ч тухайн 26 орны эдийн засаг улам муудсан.
Уламжлалт зах зээлийн санхүүжилт хомс байгаа тул эдгээр улс санхүүгийн асуудлаа зохицуулах гэж Олон улсын хөгжлийн ассоциациас (IDA) буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл авч, санхүүгийн хамааралтай болж байгаа юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшиг мөн адил ноцтой нөлөөлж, ДНБ-ий жилийн дундаж хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалд хүргэсэн. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудын алдагдлаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.
Эдгээр улс орнуудын гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл ихээхэн тогтворгүй байдалтай тулгарч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж буй. Дэлхийн банкны зөвлөж буйгаар, тус 26 орон татвар хураах тогтолцоогоо сайжруулж, төсвийн зарцуулалтыг илүү үр ашигтай болгосноор эдийн засгаа сэргээх замд орно. Түүнчлэн Дэлхийн банк "IDA"-аар дамжуулан эдгээр улсыг дэмжих зорилгоор 100 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS