Б.Батбаяр: Ерөнхий сайд аа, нүүрсний жолооч нарт өгсөн амлалтаа биелүүл
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч буй иргэн Б.Батбаяр орон нутгийн иргэд болон нүүрс тээврийн жолооч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар манай редакцид хандсан юм. Түүний байр суурийг хүргэе.
-Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын эрх ашиг зөрчигдсөн тухай байнга ярьдаг. Энэ удаа ямар асуудал хөндөгдөж байгааг тодруулъя?
-Цагаан хадны шалган нэвтрүүлэх боомтоор Оюутолгойн зэсийн баяжмал, нүүрс урд хөрш рүү гардаг. Нөхцөл байдал нь маш хүнд. Хүнд даацын машин барьдаг тээврийн жолооч нар ар гэрээсээ хол, эрүүл мэндийн үзлэг, нийгмийн асуудлууд мартагдаж янз бүрээр хохирч ирсэн. Нүүрс гаргаад 10-аад жил болоход гэрэл цахилгааны бараа харсангүй. Амрах байр, орон сууц байхгүй. Гэтэл тэнд иргэн хүн хувийн амьдралынхаа төлөө, хэдэн цаас олох гээд зүтгээд байгаа юм шиг атал улсын эдийн засгийн хүнд бэрхийг нугалж ирсэн. Хятадын талаас тавьж буй элдэв дарамт, шаардлагыг сөрж улс орны төлөө хэдэн жолооч тэмцэж байна. Тэнд амьдрал энх цагийн дайны талбар шиг л байна. Энэ асуудалд Монголын төр огт анхаардаггүй. Энэ асуудлаар би өнгөрсөн оноос асуудал тавьсан. Оны эхнээс ЗГХЭГ, Шадар сайд,Уул уурхайн сайд, Ерөнхий сайдад удаа дараа хандсан. Сая сонгуулийн өмнө албан хүсэлт илгээсэн. Судалж байна, танилцаж байна гээд өөрсдөөсөө зайлуулж ийш, тийш нь цохоод байдаг, тодорхой хариу өгдөггүй. Өнөөдөр жолооч нарын амьдрал хэцүүдлээ. Иймээс би танай сониноор дамжуулан “Өмнөговийн Цагаан хад Монгол төрийн эмгэнэл, үхлийн “бэтэг” боллоо. Ерөнхий сайд өөрийн биеэр очиж эмчилж өгөөч” гэж шаардаж байна.
Үе үеийн Ерөнхий сайд нар Цагаан хаданд очиж байсан. Дээрдсэн, шийдсэн юм нэг ч байхгүй.Харин ч ирээд явсных нь дараа байдал улам хүндэрдэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өөрийн биеэр очиж л байсан. Байдлыг сайжруулна гэж амлаад явсан. Хэрэгжүүлсэн зүйл нэг ч алга. Иймээс бодитой шийдвэр гаргаж өгөөч, хэрэгжилтийг нь Ерөнхий сайд өөрийн биеэр шалгаач гэдэг асуудлыг тавьж байна.
-Тэнд ямар ч зохицуулалт алга гэлээ. Төрийн байгууллагууд ажиллаж байгаа гэж ойлгож байна?
-Хянадаг, шалгадаг, зохицуулдаг үүрэгтэй төрийн байгууллагууд бий. Тэд хэдэн жолооч нарыг яаж торгож, шийтгэж хэдэн бор цааснаас нь салгах вэ гэдгийн төлөө л ажилладаг. Түүнээс жолооч нарын эрх ашгийг хамгаалъя, хууль журмын дагуу зөв зохицуулалт хийж, монгол хүндээ ээлтэй бодлого хэрэгжүүлье гэсэн юм байхгүй. Цаашаа хилээр гарахад Хятадууд мөн адил.
Монгол жолооч нарыг торгоно, шийтгэнэ, дарамтална, хараана, доромжилно, зодно, арай л алахаас наахнуур ханддаг.Тэнд байгаа Монголын консул анхаардаггүй. Хөх хотын консул дээр би гурван удаа гомдол тавьж очсон, шийдсэн юм бас алга. 100 гаруй тонны даацтай том машин барьсан жолооч нарын дунд эмэгтэйчүүд олон. Амьдралын төлөө зүтгэж яваа 50-аас дээш насны ахмадууд ч зөндөө бий. Идэр насны залуус ч бас байгаа.
-Цагаан хад, Ганц модны боомтын тээврийн жолооч нар байсхийгээд жагслаа гэдэг. Түүний мөрөөр шийдсэн нэг ч дорвитой ажил алга гэж үү?
-Жагсаал, цуглааны мөрөөр төвөөс албаны хүмүүс ирдэг. Салбарын сайд, Ерөнхий сайд нь ч очиж байсан. “Нааштай зүйл гарав уу” гэхэд жолооч нар “Сахил хүртээд шал дордов” гэгч боллоо гэдэг. Зам тээврийн яам, Уул уурхайн яам, цагдаа, гааль, хилийн албаныхан реклам хийж, том машин унасан сайхан дарга, сайд нараа магтаж өнгөрүүлээд, дараа нь дээрээс тэгсэн, дээрээс ингэсэн гээд эргээд жолооч нарыг дарамтална. Бас бүгд авлига авна. Төрийн албаны хүмүүс авлига авахын тулд л тэнд сууж байна. Сайд дарга нар ашиг, орлого харж очоод буцахаас иргэд, жолооч нарын амьдрал руу өнгийж хардаггүй.Сая коронавирусын хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, “Ногоон гарц”-ын түр журмыг тохирч хэрэгжүүллээ гэсэн. Гэтэл хятдадууд нүүрс тээврийн жолооч нарыг дарамталж бүгдийг нь жагсааж байгаад “Галуун цуваа” явуулж дэглэж, доромжилсон. Бичлэг нь сошиалд цацагдсан. Ийм л байна.
-Хилийн цаана монгол иргэдийн эрх ашиг ихээхэн зөрчигддөг гэж дуулсан. Нас барсан иргэний шарилыг авч чадахгүй 5-6 сар болж байна гэх юм. Энэ үнэн үү?
-Хилийн цаана монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж, зарим нь амь насаа хүртэл алдаж байна. Хятадын хил дээр нэг өрөөнд 50-70 монгол охид, бүсгүйчүүдийг байлгаж, биеийг нь үнэлүүлж байсныг бид 2-3 жилийн өмнө тэмцэж байж таслан зогсоосон удаа бий. Түүний дараа хятадууд цахим мөрийтэй тоглоом нэвтрүүлж, түүнд донтсон олон монгол хүн өрөнд орж хохирсон. Олон жолооч амьдралаа сүйрүүлсэн. Бид бас л холбогдох газруудад нь хандаж тэмцэж тоглоомын газруудыг хаалгасан. Монголчууд Хятадын хилээр гараад янз бүрийн байдлаар амь насаа алдаж байна. 2018 онд 21 хүн, 2019 онд 20 хүн амиа алдсан. Гэмтэж бэртэх, зодуулж эрүүл мэндээрээ хохирох явдал ч их гардаг. Консул үүнд анхаардаггүй. Хилийн цаана хүн нас барахад хэн нь мэдэгдэхгүй. Нэг зочид буудалд байж байгаад нас барсан. Буудлынх нь хүмүүс танихгүй, мэдэхгүй гэдэг. Оны дөнгөж дараахан урд нас барсан хүний шарилыг өнөө хүртэл авч чадахгүй байгаа. Нэг жолоочийн ар гэрээс очсон хүн байсан. Тэнд шарил хадгалахад нэг хоногт 800 юань байдаг. Тэр хүн нэг хувийн эмч дээр очиж тариа хийлгээд амиа алдсан. Хятад эзэд нь машинаа эвдрэл гэмтэлгүй арчилж, сайн ажиллаж байгаа жолооч нараа урамшуулж, дайлж цайлдаг юм байна лээ. Нэг удаа манайхаас очсон ахмад жолоочийг “Хоёр хоног амраад ав” гэж дайлж цайлж, биеэ үнэлэгч хүүхэн авчирсан байдаг. Гэтэл тэр жолоочийн урд ажиллаж байгаа гэж ээж, аавдаа хэлээд явсан төрсөн охин нь байж таараад цочролд орсон эцэг нь өөрийгөө боомилж нас барсан эмгэнэлт хэрэг гарч байсан. Түүнчлэн амрах байргүйн улмаас жолооч нарын машиныхаа бүхээгт амьдарч, өвөл халаалт тавьж унтаад угаартаж нас барсан удаа бий.
-Та жолооч нарын эрхийг хамгаалах ТББ-ыг харъяалж асуудал тавьж байна уу, эсвэл иргэний байр сууриас хандаж байна уу?
-Би Монгол Улсын иргэн. Монгол хүний эрх ашиг зөрчигдөж байхад хэн ч байсан дуугарч, шаардлага тавих эрхтэй. Сүүлийн 6-7 жил би жолооч нарын болон монгол хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар чөмгөө дундартал зүтгэж, хөлөө хүрэх газарт явж шаардаж ирсэн. Би өөрөө тэнд ажиллаж, амьдардаг. Бас миний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нүүрс тээврийн жолооч хийж амьдралаа залгуулдаг учраас ар гэрийн хувьд тэднийгээ өмгөөлж хамгаалах үүрэг надад байна.
Ч.ОлдохЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин