ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх мэдээлэл цахим орчинд анхаарал татаж байна. Хэрэв Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд төрийн тэргүүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх, дараагийн Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох талаар тодорхой зохицуулсан байдаг.

ҮНДСЭН ХУУЛИЙН 37 ДУГААР ЗҮЙЛД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
"Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд төрийн тэргүүний бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалттай.
ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Ерөнхийлөгч хүсэлт гаргалаа гээд шууд албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд УИХ-д чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно.
Уг хүсэлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороо хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Дараа нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.
Иймээс зөвхөн хүсэлт гаргасан гэх мэдээлэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсныг илэрхийлэхгүй.
ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭЗЭЭ СОНГОХ ВЭ?
Ерөнхийлөгч огцорсон, нас барсан эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулах үүрэгтэй.
Энэ хугацаанд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч биш бөгөөд зөвхөн Үндсэн хуульд заасан түр зохицуулалтын хүрээнд ажиллана.
ТЭГЭХЭЭР ОДОО ЮУ БОЛОХ ЁСТОЙ ВЭ?
Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргасан нь албан ёсоор батлагдвал дараах үйл явц өрнөнө.
- Ерөнхийлөгч УИХ-д чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргана.
- УИХ-ын холбогдох Байнгын хороо хүсэлтийг хэлэлцэнэ.
- УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ.
- Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай хууль батлагдсанаар бүрэн эрх нь дуусгавар болно.
- УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ.
- УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулна.
Ингэснээр Монгол Улс шинэ Ерөнхийлөгчтэй болох хүртэл төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүн Үндсэн хуульд заасан журмаар тодорхойлогдох юм.
Хэрэв бүх процесс хуулийн дагуу хэрэгжиж дуусвал 2027 оны дөрөвдүгээр сард дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох магадлал өндөр болж байна.