Хүүхдийнхээ сэтгэл рүү “өнгийх” цаг иржээ

353
Гурав хоногийн өмнө болсон аймшигт хэрэг олон нийтэд ил болох хүртэл манай улсад хүүхдүүд зөвхөн насанд хүрсэн хэн нэгний буруутай, хайхрамжгүй үйлдлээс болж бие махбод, амь насаараа хохирдог гэсэн ойлголт нийгэмд “шингээд” байв. Учир нь Монгол Улсад жилд 500 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алддагийн “гэм буруутан” нь эцэг эх болон анхаарал болгоомжгүй насанд хүрэгчид байдаг. Үүнээс гадна усанд осолдох, түлэгдэх, өндрөөс унах, ахуйн түймэрт өртөх гэсэн тоочоод дуусашгүй өчнөөн шалтгаанаар хэдэн мянган үр хорвоог орхидгийн цаана мөн л асран хамгаалагч, эцэг эхчүүдийн анхаарал халамж сул гэсэн ганцхан шалтгаан байгааг мэргэжилтнүүд сануулсаар өдгөө хүрчээ. Гэтэл гурав хоногийн өмнө 11 настай хүүхэд өөрийн цусан төрлийн 13 болон долоон настай хоёр хүүхдийг нэг бус олон удаа хутгалсан гэмт хэрэг гарч, нийгмийг цочроолоо. Хуулийн өмнө хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхэд өөртэйгөө адилхан насанд хүрээгүй хүүхдүүдийн аминд хэрцгийгээр хүрэх цаад шалтгаан юу байв гэдэгт холбогдох албаныхан төдийгүй олон нийт анхаарлаа хандуулж байна. 
Хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт  энэ сарын 7-нд бусдад олон удаа хутгалуулснаас болж 13 настай хүүхэд амиа алдаж, долоон настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүүхэд 11 настай. Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх болон сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй үгүйг мөрдөн шалгалтаар олж тогтооно. Одоогийн байдлаар шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа учраас шалтгааныг тодорхойлох боломжгүй байгаа юм.
 
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Наймдугаар сарын 07-ны 18:00 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд БЗД-ийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан. Тиймээс Яаралтай түргэн тусламж болон БЗД-ийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан.Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд нь хутганы олон шархтай гадны нөлөөтэй нас барсан, нөгөө хүүхэд нь мөн хутганы шархтай гэмтсэн ухаангүй байдалтай байсан. Гэмтсэн хүүхдийг ГССҮТ рүү хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоосон. Энэ гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох долоон настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байна.  Уг хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэсэн юм.
 
Насанд хүрээгүй хүүхэд өөртэйгөө нас ойролцоо хүүхдүүдийг хутгалсан энэ хэргийн цаад учир шалтгааныг тогтооход дан ганц цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хангалтгүй. Учир нь энэ гэмт хэргийн цаана тухайн буруутан буюу өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн байдал болон өссөн орчин, хүмүүжүүлсэн гэр бүл ямар хүмүүс байсан гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай юм. Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Яг энэ үед хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд  их өөрчлөлт гардаг. Учир нь энэ үе хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.  Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг үе юм. Иймээс  өсвөр үеийнхэн  өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар  нь ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд өртөж санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
 
Эмзэг буюу тогтворгүй, эцэг юм уу эхийн хайхрамжгүй харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө “золигт гаргах” буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн “асуудал” нь болдог. Тухайлбал, архи уух, мансуурах, гадуур тэнэх, гэмт хэрэг үйлдэхэд хүрдэг байна.
Иймээс дэлхий нийтээрээ иргэдийнхээ сэтгэл зүйд анхаарч, хүүхдийнхээ EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Манай улс ч мөн адил  хүүхдийнхээ дотоод сэтгэл рүү өнгийн, түүнд ямар асуудал тулгарч, юу мэдэрч байгааг асууж шалгаан нээлттэй ярилцах цаг иржээ. Өмнөх үетэй адил таны хүүхэд гэртээ утсаараа тоглож эсвэл зурагт үзээд суулаа гээд түүнд ямар нэгэн асуудал байхгүй, аз жаргалтай байна гэсний нотолгоо биш. Үүнийг саяхан болсон дээрх гэмт хэрэг баталлаа.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ 
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн тэргүүн,  сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ: Гэр бүлийн зөрчлөөс хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг 
-Хөл хорио бага насны хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байна. Учир нь бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ ойр байхдаа илүү аз жаргалтай, хайр халамжийг мэдэрдэг. Харин өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд хамт байснаараа хүүхдийнхээ орон зайд зөвшөөрөлгүй халдах, чөлөөтэй байх боломжгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдлыг үүсгэж байна. Өсвөр насанд хүүхдүүд ганцаараа, эрх дураараа байхдаа илүү аз жаргалтай байдаг. Гэр бүлийн зан үйл хүүхдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Гэр бүлийн зан үйл, зуршил зөрөөд ирэхээр хүүхдийн сэтгэл зүй гэмтэж, эцэг эхээсээ зайгаа барьж эхэлдэг. Цар тахлын үед эдийн засгийн, сэтгэл санааны хямрал, гэр бүлийн дотоод асуудлуудаас үүдэн гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, хүчирхийлэл далд хэлбэрээр явагдсаар байна. Хүүхдийн сэтгэл зүйд эцэг эхийн сэтгэл зүй шууд нөлөөлдөг. Эцэг эхийн ажил тогтвортой, амжилттай, эдийн засаг, сэтгэл санааны дарамтгүй байхаас шалтгаалан хүүхэд эрүүл харилцаанд, хайр халамж, дэмжлэгээр дүүрэн хүмүүжиж төлөвшдөг. Эсрэгээрээ ажилгүй, эдийн засгийн дарамттай, сэтгэл санаа нь тогтворгүйгээс болж хүүхдийн сэтгэл зүйд маш том доголдол үүсдэг. Эцэг эхийн хоорондын харилцаа эрүүл байвал хүүхдийн сэтгэл зүй хүртэл эрүүл байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйл, тулгамдаж буй асуудлууд, юу хүсэж байгаа талаар нь ярилцаж, дэмжлэг үзүүлэх нь хамгийн том сэтгэл санааны дэмжлэг юм.
 
Сэтгэлзүйч С.Хулан: Хүүхдийн сэтгэлзүйн асуудал нь үйл хөдлөл, зан үйлээр илэрдэг 
-“Хүүхэд юм чинь өлсөхгүй даарахгүй л байвал болно. Хүүхэд байж юундаа бухимддаг юм” гэсэн ойлголт эцэг эхчүүдийн дунд түгээмэл анзаарагддаг. Хүүхэд ч бас стресст орно. Сэтгэл санаа нь хямарна, айна, түгшинэ, гомдоно. Гэхдээ том хүн шиг сэтгэл хөдлөлөө ойлгож, илэрхийлж дадаагүй байдаг. Тийм болохоор шийдэгдэхгүй байгаа сэтгэл зүйн асуудлууд нь үйл хөдлөл, зан үйл болж илэрдэг. Өмнө нь бид хүүхдүүдээ аль болох гадаа гарч олон хүүхэдтэй тоглоосой, найзлаасай гэж хүсдэг байсан бол одоо “Гэртээ бай, хүмүүсээс хол бай, хүүхэдтэй битгий тогло, маскаа зүү” гэсэн шаардлагыг тавих болсон. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал  ч том болоод бие биеэ ойлгох чадвар дутмаг бүхэл бүтэн нэг үе бий болох вий гэж мэргэжлийн хүний хувьд санаа зовниж байна. Хүн нийгмийн амьтан болохоор бусдаар хүрээлүүлж, хайрлуулж, хүндлүүлж байж л сэтгэл хангалуун амьдардаг. Харин нийгэмших чадварт аль болох л багаасаа суралцвал сайн төлөвшинө. Өсвөр насны хүүхдүүд бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ их байдаг болохоор ойр тойрны хүмүүс нь аль болох сонсох, ойлгохыг хичээх хэрэгтэй. Гэтэл энэ насны хүүхдийг эцэг эхчүүд том болчихсон гээд бүр тоохоо больчихдог нь хамгийн буруу гэж боддог. Миний бодлоор бага насны хүүхдээс дутахгүй анхаарал тавьж асууж ярилцах хэрэгцээ тэдэнд байдаг.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn