Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

427


Дэлхийд долоон тэрбум 900 сая хүн  амьдарч байна. Үүний 45 сая орчим нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг Австрали улсын “The Queensland” их сургуулийн хийсэн судалгаа харуулж байна. 55 орноос Бразил улс бичил уурхайн салбарыг зохион байгуулалтад оруулсны үр дүнд бичил уурхайн хамаарал бүхий 60 мянган ажлын байрыг бий болгож чаджээ. Энэ бол олон улсын хариуцлагатай бичил уурхайн хамгийн сайн жишээ юм. 
Дэлхийн улс орнууд  жилээс жилд бичил уурхайн салбараа улам хариуцлагатайгаар хөгжүүлж, улсынхаа нэгэн чухал салбарын хэмжээнд авч үзэж, түүнийг дэмжих бодлого шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарын үйл ажиллагаа зогсоод гурван жил боллоо. Энэ хугацаанд хууль бусаар алт олборлогчдын тоо 40 мянгад хүрчээ. Үүнээс улбаалан газрын хэвлий дэх гэмт хэрэг 300 хувиар өссөн гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
 
Энэ тоо баримт 2019 оны есдүгээр сард баталсан Засгийн газрын 355 дугаар тогтоол буруу байсныг баталж байгаа юм.Тиймээс бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тус салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хийсэн судалгаагаар Засгийн газрын 355 дугаар тогтоол батлагдсанаас хойш 29 удаагийн том хэмжээний хууль бус олборлогчдын бөөгнөрөл болж, 15 иргэн амиа алджээ. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны орон нутаг хариуцсан зөвлөх О.Цэцэгмаа “Нинжа” хэлбэрээр алт олборлодог байхад олон хүний амь эрсдэж, ямар ч хяналтгүй байсан. Харин манай холбоо 2013 онд байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцэлж, дагаж мөрдөх хууль журамтай болсон.
 
Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд хариуцлагатай ажиллаж  байтал 2019 онд 355 дугаар тогтоол гарсан. Үүнээс үүдэн хууль бус олборлолт ихсэж, 1990-ээд оны хяналтгүй үе рүү буцлаа. Тиймээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Дархан-Уул аймаг Засаг даргатайгаа зөвшилцөөд асуудлаа шийдвэрлэсэн. Бусад аймаг 2019 оноос өмнө байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагааг сэргээсэнгүй. Аймаг, сумынхаа иргэдийг ажлын байртай болгоход анхаарч, Засаг дарга нар иргэддээ ээлтэй шийдвэр гаргамаар байна” гэсэн юм.
 
АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ ИЛ ТОД БОЛГОЖ, АЛБАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ 
Өнөөдрийн байдлаар манай улсад 40-60 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож байна. Тэдний 20 орчим хувь нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монголбанк жилд 20 орчим тонн алт худалдан авдаг. Үүний 9-10 орчим тонныг иргэд тушаадаг. Иргэд дотроо бичил уурхайчид 2-4 тонн алтыг Монголбанкинд тушаадаг байв. Гэтэл Засгийн газрын бодлогогүй буруу шийдвэрийн улмаас хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байсан Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 10 мянга орчим гишүүн алт олборлож чадахгүйд хүрээд байна.
 
Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд “Олборлосон нэг грамм алт ч тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалт болон шингэдэг. Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгож, зайлшгүй албажуулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, хэчнээн грамм алт хаанаас ирэв гэдэг нь тодорхой болно.
 
Төрөөс бичил уурхайг бодитойгоор  дэмжиж, хариуцлагатайгаар хянах нь чухал гарц юм. Дэлхийн  олон оронд бичил уурхайг хөгжүүлж, дэмждэг сайн жишиг бий. Монгол Улс дахь хууль бус олборлолт, байгалийн эвдрэл гэсэн олон асуудлыг багасгахын тулд 2013 онд холбоогоо байгуулсан. Есөн жилийн хугацаанд олон ажил хийж, салбараа төлөөлөх мэргэжлийн холбоо болж төлөвшлөө. Уул уурхайн салбарт бичил уурхайн салбарыг хөгжүүлж, төлөвшсөн, мэргэшсэн, хариуцлагатай уурхайчдыг бий болгохоор ажиллаж байна. Бидний алсын хараа бол бичил уурхайн салбарыг нэгтгэж, дуу хоолой нь болох үндэсний болон олон улсын түвшинд бие даасан тогтвортой байгууллага болох юм. Энэ хүрээнд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөл бүрийн орлогын эх үүсвэрээр хангах замаар амьжиргааг дээшлүүлэх, уурхайчдын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэхээр зорьж байна” гэв.
 
МАНАЙ УЛСЫН БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖЭЭ 
Нөхөрлөлийн гишүүдээ төсөл бичиж сурах олон төрлийн сургалтад хамруулж, өөр ажлын байранд шилжих боломжоор хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайн баримталж ажиллахад анхаардаг манай улсын бичил уурхайн үйл ажиллагаа олон улсад жишиг болсон юм.
 Тухайлбал, бичил уурхайчдын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс олборлолтын талбайд ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг ажиллуулдаг туршлагаас судлахаар Этиоп улсаас зорин ирж, ажиллажээ. Тэд манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагааг сайшааж, суралцах зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс гадна Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо олон улсын 29 байгууллагатай хамтран ажиллахын сацуу 510 орчим га талбайг нөхөн сэргээгээд байна.
 
Олон улсын түвшинд манай бичил уурхайг өндрөөр үнэлж байхад Засгийн газар, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаагийн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлахыг бичил уурхайчид шаардаж байна. Хууль бус олборлолтыг багасгах, байгаль орчин болон улсын эдийн засгаа тэтгэх нэг гарц нь бичил уурхайг албажуулах юм. Хувиараа ашигт малтмал олборлодог иргэн бичил уурхайчин болоход хамгийн түрүүнд хариуцлага шаарддаг. Тодруулбал, хууль журмын дагуу хариуцлагатайгаар гэрээ байгуулж, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж, хариуцлагатайгаар олборлож, хариуцлагатайгаар нөхөн сэргээж ажилладаг байв. Мөн тэд татвар, нийгмийн даатгалаа төлөн, олборлосон алтаа Монголбанкинд тушааж, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэтэл Засгийн газрын 355 дугаар тогтоол энэ бүхэнд “түгжээ” болсон юм. Засгийн газар энэ “түгжээ”-гээ хэзээ тайлж, тогтоолоо цуцлахыг 10 мянга орчим бичил уурхайчин гэр бүлийнхнийхээ хамт хүлээж байна. Эс бөгөөс хууль бус олборлогчдын тоо нэмэгдэж, иргэд амиа алдсаар байх нь.
 
Д.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn