Шинэ цагийн “Номинжингууд”-ын балаг тасрахгүй

520

88248677807579963_900_x_674


  • Үр хойчоо нутаг усаа гэсэн элгэмсүү сэтгэлтэй болгоход өнөөдрөөс анхаарахгүй бол дархлаагүй үндэстэн болох аюул нүүрлэх нь

  • Багаасаа харийг зорьсон нөхдүүд үндэснийхээ уламжлал, монгол ахуйгаас төсөөрч байгаа нь даанч харамсалтай

  • 700 гаруй хүүхдийн дунд уламжлалт ахуйгаа хэр мэдэж буй талаар судалгаа явуулахад 92 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ

Их гүрэн халдварт өвчний тархалтад нэрвэгдэж, дэлхий даяараа донсолж байна. Хөрш зэргэлдээ орших Монгол Улсын хувьд ч коронавирус ороод ирэх вий гэх айдастай өдөр, хоногийн өнгөрүүлж буй. Энэ том дуулианы сүүдэрт дуучин К.Номинжингийн малчдын талаар дэлхий нийтэд тараасан таагүй мэдээ тэгсхийгээд дарагдлаа. Ноолуурын улирал ойртож буй энэ үед ямааг мартсан нь манай улсад хийгээд малчдад тун завшаантай хэрэг. Гэхдээ дуучин бүсгүйг уучлаад, мартаад өнгөрч боломгүй асуудал. Уламжлалаа мэдэхгүй, мал маллаж үзээгүй бүсгүйн хариуцлагагүй мэдээлэл монгол ямааны торгомсог ноолуурыг эгээтэй л үнэ цэнгүй болгочихсонгүй. Цаашид өв соёл, уламжлалт ахуйгаа мэдэхгүй олон Номинжин гарч ирнэ гэдгийг бодох хэрэгтэй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мэдлэг чадвартай гэж сэвж яваа нөхдүүд эх орныхоо нэрийг цусдаж мэдэхээр байгааг монголжоогүй бүсгүйн жишээнээс харж болно. Сүүлийн үеийн залуусын дийлэнх нь гадаадад боловсрол эзэмших болсон. Албан бус тооцоогоор БНСУ-д 7300, БНХАУ-д 10100, ОХУ-д 2000 гаруй, Австралид л гэхэд 3500, Японд 3125, АНУ-ын хувьд 1480 оюутан суралцдаг гэсэн мэдээлэл байна. Тэдгээрийн цөөнгүй нь багаасаа харийг зорьжээ. Эх зохиолч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирж буй нь сайшаалтай. Гэвч багаасаа харийг зорьсон нөхдүүд үндэснийхээ уламжлал, монгол ахуйгаас төсөөрч байгаа нь даанч харамсалтай. Сурсан мэдсэнээ эх орондоо зориулна хэмээн их хүсэл тэмүүллээр дүүрэн явдаг нөхдүүд нутагтаа ирж ажиллалаа гэхэд уламжлалт ахуйтайгаа танилцах, нийгмээ сайтар судлах гээд дахин суралцах зүйл их байх нь мэдээж. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэсэн тэдний хүсэл сонирхлыг буруутгах аргагүй. Гэхдээ уламжлалаасаа тасраад байгаа нь таагүй. Иймээс гадаадад сурч буй оюутны холбоод, тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг Консулын газрууд нь эх орноо зөвөөр сурталчлах, багаасаа гадаадад суралцсан оюутнуудад өв соёл, уламжлалын мэдлэг олгох, мэдээлэлтэй болгоход нэлээд анхаарах хэрэгтэй болжээ. Эх оронч үзэл гэдэг чухамдаа энэнээс л эхлэх учиртай юм. Олон жил гадаадад суралцсан залуус улс төрд орох гэж яаравчлаад хэрэггүй нь олон жишээнээс харагддаг. Эхлээд нийгмээ судалж, ард түмнийхээ амьдралтай танилцаж, монголдоо уусаж байж сонирхох нь зүйтэй байх. Ингэхгүй бол хөрсөн дээр буусан, амьдралд нийцсэн хууль, тогтоол гаргаж чадахгүй гэдгийг сануулахад илүүдэх юун.


Холын гийчний магтаал ба гээгдэж буй үнэт зүйл


Монголын нүүдэлчин соёл иргэншил, уламжлалт ахуй өнөө цагт дэлхий дахинд хэмжээлшгүй үнэт өвд багтаж байна. Монгол судлаач эрдэмтэд ч энэ талаар хэлэх болсон. Өргөн уудам тал нутагт мал сүрэг нь дураараа идээшилж, холын гийчин ороод гарахад аягатай цай, тавагтай идээгээрээ дайлдаг ард түмэн энэ дэлхийд ховорджээ. Монгол судлаач эрдэмтэн, гаднын жуулчид монголчуудыг уламжлалт ахуйгаа дэлхийд хосгүй өв болгох санааг хэлээд байгааг анзаарах хэрэгтэйсэн. “Шар айраг”-ийн дуучин Г.Ганхүү “Бид ерөөсөө өв уламжлалаараа жуулчдыг татах менежмент хийх хэрэгтэй. Дэлхийд монголчуудыг таниулах бидний онцлог бол уламжлалт өв соёл минь” хэмээсэн. Гадаадын нэгэн жуулчин малчин айлаар ороод гарахдаа “Танай улсад юугаар ч үнэлшгүй үнэт зүйл байна. Тэр бол үдлээд мордоход дайлаад гаргадаг зочломтгой зан. Энэ заншлаа битгий гээгээрэй. Дэлхий даяарших тусам үнэд орох өв уламжлал энэ байна. Би хүний айргийг үнэгүй уучихаад санаа зовж байна. Үнэхээр сайхан санагдлаа” гэж хэлсэн удаатай. Гаднын гийчин хэлэх үгээ олохгүй манай өв уламжлалыг биширч байхад иргэд нь өөрсдөө үнэт зүйлээ мэдэхгүй өсөж боломгүй. Гадаадад суралцсан гэлтгүй Улаанбаатар хотын хүүхдүүд ч нүүдэлчин соёл иргэншлээс тасарч ахуй, соёлын талаар мэдлэггүй өсөж өндийж буй. Ишиг, хургыг ялгахгүй, яаж дуугардагийг нь мэдэхгүй багачууд сургуулийн босго алхаж байна. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ урин дулаан цагт хөдөө явуулж, мал, аж амьдралын мэдлэгтэй болгох хэрэгтэй болжээ. Бүх зүйлийг төр, засаг эсвэл боловсролын байгууллага хийх ёстой гэдэг муйхар үзлээсээ салах ёстой болов уу. Зөвхөн ганц судалгааны материалаас харахад харамсмаар дүр зураг гарч байгааг судлаач багш Т.Мөнхзул дурджээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн хүүхдүүдийн дунд уламжлалт ахуйгаа хэр мэдэх буй талаар судалгаа явуулсан байна. Гэтэл судалгаанд оролцсон 700 гаруй хүүхдийн 92 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Тиймээс уламжлалт ахуйгаа таниулахад анхаарах цаг болсныг онцолмоор байна.


Даяарших тусам алсарч буй эх оронч үзлийг үр хойчдоо өвлүүлье


Дэлхийн даяаршлын давалгаа Монголыг ч тойроогүй. Гадаад ертөнц нээгдэх тусам хөл хүрэх газраа бид очиж амьдардаг боллоо. Гаднын иргэдтэй ч гэр бүл болох нь нэмэгдсээр. Ийн олон соёлт гэр бүл нэмэгдэхийн хэрээр уламжлалт өв соёл маань гээгдэж, эх оронч үзэл алсарлаа. Эх оронч үзэл гэхээр зарим хүн чухам юу билээ гэж эргэлзэж магадгүй. Энэ талаар Википедиа тольд төрөлх нутгаа хайрлах хайр гэж тайлбарлажээ. Patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа тэнгэр эцэг, газар ээж гэж сэтгэдэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа эх орон хэмээсэн гэж судлаачид тайлбарласан нь ч бий. Орчин үеийн залуус эх орноо хайрлах сэтгэлээ умартаад байгааг сануулах гэж элдвийг нуршлаа. Манайхаас бусад улс өөрсдийн өв соёлоо хамгаалж үлдэх, үр хойчоо эх оронч үзэлтэй болгоход анхаарч байна. БНХАУ л гэхэд ерөнхий боловсролын сургуулиуддаа эх оронч үзлийг төлөвшүүлэх үүрэгтэй тусгай мэргэжилтэн ажиллуулдаг талаар туршлага судлаад ирсэн багшийн өгүүлэхийг сонсож байлаа. Ийн томилогдсон мэргэжилтэн эх орныхоо уламжлал соёлын талаар, ямар онцлогтой болох, яагаад улс орноо хайрлах ёстойг хүүхдүүдэд багаас нь зааж сургаж буйг хянадаг аж. Харин манай улсын ёс заншил, эх оронч үзэл гээгдэж дууслаа. Эцэг, эхчүүдийн олонх нь өв соёлоо үр хүүхдэдээ таниулах, эх оронч үзэлтэй болгоход огт анхаардаггүй нь харамсмаар. Нэгэн төрийн бус байгууллага 152 хүний дунд “Үр хүүхдүүддээ үндэсний өв уламжлалаа таниулахад хэр анхаардаг вэ” гэсэн санал асуулга явуулахад 80 хувь нь “энэ талаар бодож үзээгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм. Тиймээс төр, засаг хийгээд эцэг, эхчүүд хүртэл үндэсний өв соёлоо хойч үедээ таниулахад эх оронч сэтгэлгээ суулгахад санаа тавих цаг болсныг дурдахад илүүц биз. Багаас нь эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлбэл ядаж л улс үндэстнийхээ нэр хүндийг дэлхий нийтэд хөөдөхгүй. Түүнчлэн эх орноо хайрлах сэтгэлтэй болж төлөвших буй за. Үр хойчоо Монголоо худалдахаас ч сийхгүй хүйтэн сэтгэлтэн болгомооргүй байна. Нутаг усаа гэсэн элгэмсүү сэтгэлтэй хүн болгоход өнөөдрөөс эхлэн анхаарахгүй бол дархлаагүй үндэстэн болох аюул нүүрлэх нь. Улс үндэстнээ боддоггүй, хэл соёлын дархлаагүй үндэстэн мөхөл рүүгээ явдаг жамтай. Тиймээс төр нь ч, иргэд ч үр хойчоо эх оронч хүн болгож, өв уламжлалаа өвлүүлж үлдээе.


Засгийн газрын мэдээ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn