Замын хөдөлгөөний удирдлагын төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхэнд халдав
Хөгжлийн бэрхшээлтэй хүний газарт Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд зорчих зөвшөөрлийг цуцалж байгаа талаар илэрхийлсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны A/1037 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ыг харгалзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тээвэрлэдэг машиныг хязгаарлалтад хамруулахгүй гэжээ.
Зөвшөөрөл цуцалсан шийдвэрт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газраас ЗХУТ-д хүргүүлсэн хүсэлтийн дагуу байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмчилгээ, сувилгаа болон цэцэрлэг, сургуульд хүргэх, авах өдөр тутмын шаардлагыг үндэслэж нийгмийн хариуцлагын хүрээнд улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрлийг олгосоор ирсэн. Энэ нь дээрх журамд хамаарахгүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсээс танай байгууллагаар дамжуулан дээрх иргэдэд олгосон түр зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл гэж үзсэн бөгөөд зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлээс хасч, цаашид Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж ажиллах болсон байна.
Тиймээс 2024 онд ХБХХГ-аар дамжуулж 382 тээврийн хэрэгсэлд олгосон улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс цуцалж, бүртгэлээс хасах тул зөвшөөрөл авсан иргэдэд мэдээлэл хүргүүлжээ.
Харин үүнийг иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байгаагаа цахим хуудаст илэрхийлсэн байна.
https://news.mn/r/2704326/