Анх удаа 100 мянган иргэний санал хууль болж батлагдлаа

31


УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Энэ хуулийг ард иргэдийн саналыг үндэслэж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж санаачилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан.

Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна” гэлээ. Мөн энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн Монгол Улсынхаа 100 мянган иргэнд баяр хүргэлээ.

“D-petition” буюу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдэх үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу иргэдийн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн, ард түмнийхээ саналд нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна. “D-Parliament” цахим систем Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу биеллээ олж буйд баяртай байна. Улсын Их Хурлын гишүүд та бүхний бүтээсэн бодит түүх бол “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийнхээ саналыг авч, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулсан явдал гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn