Сургалт бус суурь асуудлыг нь шийдээч, П.Наранбаяр сайд аа!

70

Ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудлын нэг нь багшлах хүчний хомсдол. Ажлаа орхиж байгаа багш нарын дийлэнх нь ачаалал их, цалин хангамж бага гэх шалтгааныг хэлдэг. Үүнээс үүдэж сүүлийн жилүүдэд улс орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд багшлах хүчний хомсдолд орж буй.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долдугаар сард гаргасан судалгаанд дурдсанаар улс орон даяар 4200 орчим багшийн хомсдол үүсчээ.
Үүнээс нийслэлд 2400 багшийн сул орон тоо байгааг судалгааны үр дүн харуулжээ. Мөн судалгаагаар бага ангийн болон математик, англи хэлний багш илүү дутагдалтай гэсэн тооцоолол гарсан байна. Тухайн жилийн багшийн сул орон тоог тус жилд их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн төгсөгчдөөр эрэлтээ хангана гэж тооцоолдог аж. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд багш мэргэжлээр 2471 төгсөгч төгссөн аж. Үүнээс 519 төгсөгч сургуулийн өмнөх боловсролын багш, 484 төгсөгч бага ангийн багш мэргэжлээр төгссөн бол үлдсэн нь бусад чиглэлээр багшийн мэргэжил эзэмшсэн нь энэ оны хичээлийн жилийн багшийн эрэлтийг нөхнө гэж үзжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа авсныхаа дараа багшийн хомсдолыг арилгана гэж мэдэгдэж байв. Ингэхдээ гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэсэн юм. Тэгвэл тэрбээр багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам баталжээ.
Тодруулбал, математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавр зэрэгтэй иргэд багшлах эрхийн сургалтад хамрагдах боломжтой юм байна.
Мөн дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4 дүгээр түвшний оюутнууд багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болох зохицуулалт бүхий журам баталжээ. Үүнээс гадна цэцэрлэг болон ЕБС-д багшлах хүсэлтэй иргэдэд зориулсан журам бас бий. Үүнийг багшлах эрх олгох сургалтын багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр хүссэн хүн болгон богино хугацааны сургалтад хамрагдаад багш болох боломжтой болж байгаа юм. Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгсвөл багшлах эрх олгоно гэж журамд тусгажээ.
Багшлах эрх олгох сургалтын багш нь боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна гэж заасан байдаг аж. Бакалаврын зэрэгтэй иргэдэд багшлах эрх олгох сургалт ихэвчлэн 45 хоног хичээллэдэг аж.
Багшийн хомсдолыг шийдэх нь зөв ч гэлээ багшийн ачаалал их, цалин хангамж бага зэрэг боловсролын салбарын суурь асуудлуудыг шийдээгүй цагт хомсдол хэвээрээ л байна. Боловсролын салбарын суурь асуудлыг шийдэх, зөв бодлого хэрэгжүүлэх гэж  яамтай, сайдтай байдаг бус уу. Алдаа оноог нь өмнөх сайд нар луу чихээд суух бус салбарын алдаа, оноог нь шийдэж зөв бодлогоор удирдах эрх нь сайдад байдаг бөгөөд ийм үүрэгтэй хүн нь П.Наранбаяр сайд та өөрөө юм. Улс орны хөгжлийн тулгуур нь боловсрол, эрүүл мэндийн салбар. Сургуулийн өмнөх болон, ерөнхий боловсролын сургуулийн багш гэдэг бол улс орны ирээдүйг авч явах тодорхойлох боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн чухал хүмүүс  болохоос суурь асуудлаа шийдэхгүй хэдхэн хоногийн  сургалтаар багшийн хомдолыг шийдэх асуудал биш л баймаар юм эрхэм сайд аа.

https://news.mn/r/2750810/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn