Багануурын батарей хураагуурын станц 50МВт цахилгаан эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ
Багануур дүүрэгт шинээр баригдсан 50МВт/200МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын станц өчигдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 50МВт цахилгаан эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлжээ.
Энэ үед оргил ачаалал системийн хэмжээнд 1,593МВт хүрсэн байна.
Батарей хуримтлуурын станц нь нийслэлийн хэмжээнд нийт ачааллын 3%-ийг хангаж, ойролцоогоор 25,000 орчим айл өрхийг цахилгааны тасалдлаас сэргийлэх хүчин чадалтай. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх технологитой станц юм.
Уг станцын бүтээн байгуулалтын ажил дуусаж, 11 дүгээр сарын 30-нд тогоо залгасан бөгөөд тохируулга болон туршилтын ажил хийгдэж буйг албаны хүн хэлж байсан бол өчигдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна.
БНХАУ-ын "Энвижн Энержи" компани станцын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 293.5 тэрбум төгрөг зарцуулжээ.