Иргэдийн хувийн мэдээллийг “Гэрэгэ” системээр дамжуулан өөр зорилгоор ашигласан байж болзошгүй гэв
ХЭҮК-оос иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаа хангалттай байгаа, эсэх талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус комиссын гишүүн Г.Нарантуяа “Манай улсад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын болон ажил горилогчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж, түгээх зөрчил түгээмэл гарч байна. Мөн уралдаан, тэмцээнд оролцогчдын болон тэдний гэр бүлийн мэдээллийг нийтэд дэлгэх нь ч нэмэгдлээ. Уг нь мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч, зөвхөн тухайн зорилгын хүрээнд ашиглах ёстой. Гэвч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд энэ зарчмыг зөрчих нь түгээмэл. Тухайлбал, Засгийн газраас халдвар, дархлаажуулалтын мэдээлэл цуглуулах явцад “Гэрэгэ” системээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг бусад зорилгоор ашигласан байж болзошгүй талаар мэдээлэл ХЭҮК-т ирсэн. Эл асуудлаар ЭМЯ-нд тодруулга, Засгийн газрын дотоод хяналтын хүрээнд шалгах санал хүргүүлсэн. Гэхдээ иргэд ч өөрийн мэдээллийг хамгаалах ухамсартай байх ёстой. Жишээ нь, олон нийтийн сүлжээнд өөрийн болон бусдын мэдээллийг хуваалцахдаа зөвшөөрөлтэй, эсэхийг нь заавал бодох хэрэгтэй. Учир нь иргэдийн дүрс, дуу, бичлэг зэрэг хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй түгээх нь хууль бус үйлдэл” гэлээ.
Эл комиссоос хувийн мэдээллийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, техник, технологийн дэвшилтэй холбоотой хүний эрхийн эрсдэлийг бууруулах арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөснөө энэ үеэр онцолсон юм. Тухайлбал, “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хувийн мэдээллийн эрсдэл” хэлэлцүүлгийг энэ сарын 17-нд 14.00 цагт зохион байгуулах аж. Харин “И-Монголиа: Иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 2-нд болох юм.
ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг энэ үеэр “2025 оны байдлаар банк, санхүүгийн 1954, эрүүл мэндийн 798, боловсролын 2357, харилцаа холбооны салбартай хамааралтай таван зөрчил бүртгэгдсэн. Түүнчлэн дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн дүрс, дуу, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд түгээж, хүний нэр төр, алдар хүндэд халдах нь сүүлийн үед олширсон. Комиссын зүгээс жил бүр хүний эрхийн талаарх илтгэл гаргадаг уламжлалтай. Энэ удаад “Цахим технологи ба хүний эрх” сэдвийг тусгасан. ХЭҮК энэ чиглэлээр 2022-2025 онд судаллаа. Ингэхдээ төр, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хэвлэл мэдээлэл, хууль сахиулах байгууллага, цахим үйлчилгээний систем гээд нийт 11 салбарыг хамруулсан. Мөн “И-Монголиа” системийн хүрээнд хүний эрхийн төлөв байдлыг үнэлэв. Тухайлбал, иргэдийн мэдээллийг ямар түвшинд хамгаалж байна вэ, мэдээлэл олгох, устгах, хянах тогтолцоо нь хангалттай юу гэдгийг судалсан. Бас хяналтын камерын хэрэглээг судлахад хувийн өмчийн болон нийтийн эзэмшлийн талбайд хэт олон камер байршуулж, иргэдийн хөдөлгөөнийг бүртгэх нь халдашгүй байх эрхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоолоо. Комиссын судалгаагаар мэдээлэл хариуцагч байгууллагуудын 80 орчим хувь нь мэдээлэл хамгаалах журамтай гэж мэдүүлдэг ч бодит байдалд тэдгээрийн ихэнх нь хэрэгжүүлдэггүй, эсвэл хуульд нийцээгүй журамтай. Тиймээс бид энэ талаар анхааруулга, шаардлага хүргүүлж, хяналт шалгалт хийсэн. Нийтдээ 27 гомдол бүртгэгдсэнээс найман байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Тэдгээрийн дотор банк, худалдааны төвүүд, төрийн болон боловсролын байгууллага ч бий” гэсэн юм.
У.Сүрэн
https://www.unuudur.mn/a/278770