ХААН Банканд өнгөрүүлсэн зугаатай, дурсамжтай, цалинтай зун

0

-Хамтдаа суралцъя, хөгжье. - 
Зуны зугаатай өдрүүд дуусаж, шинэ хичээлийн жил хаяанд ирсэн энэ өдөр ХААН Банкнаас зохион байгуулсан “Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан 26 оюутан батламжаа гардан авлаа. Өнгөрсөн хавар зарлагдсан тус хөтөлбөрт 300 гаруй оюутан, сурагч хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулалтын 5 үе шатыг давсан, 17–24 насны шилдэг 26 оюутан зуны гурван сарын турш ХААН Банкны 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн томоохон багийн нэг хэсэг болж дадлагажин, зорьсон зорилгоо биелүүлж, туршлага хуримтлуулан, ирээдүйд ажиллах салбартайгаа биечлэн танилцлаа.
Мөн дадлагажих хөтөлбөрийн хугацаанд эдгээр 30 залуу 25 дадлагажуулагч мэргэжилтний хяналтан дор өөрсдийн сонирхож буй төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, бүтээлч сэтгэлгээ, онолын мэдлэгээ бодит ажил хэрэг болгон, энэ жил сургуулиа амжилттай төгссөн гурван оюутан бүтэн цагаар ажиллах, долоон оюутан хичээлийн хажуугаар хагас цагаар үргэлжлүүлэн ажиллах урилгын эзэн болсон юм.  
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банкийг бүрдүүлж буй баг тус бүр замнал, дараагийн хүрэх цэг, стратегиэ өөрсдөө тодорхойлж, захирлууд ажилтнууддаа зорилгодоо хүрэх бүхий л бололцоогоор нь ханган, дэмжиж ажиллахыг зорьдог. Тийм ч учраас бид дараа дараачийн үеийнхний үзэл бодол, хүслийг банкны үйл ажиллагаа, зорилго зорилтод шингээхийн тулд залуусыг манай хамт олны нэг хэсэг болж, санасан бодсоноо туршиж үзэн, алдаж онож, өсөн дэвжээсэй гэж боддог. Бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг. Тийм ч учраас сурагч, оюутнуудын хөтөлбөрт бид онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг урьтал болгож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн энэ үеэр Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд “Энэхүү хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж дууссанд маш их баяртай байна. Өнгөрсөн жил 18 залуусыг энэхүү дадлагажих хөтөлбөрт хамруулж байсан бол энэ жил 17 настай ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас авахуулаад төгсөх дамжааны оюутнууд гээд нийт 26 залуу ХААН Банканд мэдээлэл технологийн чиглэлээр цалинтай дадлага хийлээ. Энэхүү хөтөлбөрийг бид дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Жил бүр цар хүрээ нь өргөжиж, хүсэлт ирүүлж буй хүүхүүдийн тоо нэмэгдэж байгаа нь залуучууд ажлын байран дээрээс суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлзэх болсон орчин үеийн хандлагыг харуулж байна. Залуусын сурч хөгжих хэрэгцээг хангахын зэрэгцээ, цахим үеийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх ажилд ХААН Банк ийнхүү хувь нэмэр оруулж байгаа нь банканд төдийгүй, цаашилбал улсдаа оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэж байна” гэж онцоллоо. 
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд дадлагын явцад их зүйл сурч, мэдэн олон хүнтэй танилцаж, хэзээ ч үл мартагдах дурсамж бүтээн, өөрсдийн зорилгоо илүү тодорхой болгож, хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөж хөгжсөнөө илэрхийлж байлаа.
ХААН Банкнаас хэрэгжүүлдэг “Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамрагдан, техник технологийн мэдлэгээ дээшлүүлэхийн ташрамд байгууллагын соёлд суралцаж, “софт скилл”-ээ хөгжүүлэн, зуныг үе тэнгийн сонирхол нэгт нөхөдтэйгөө дурсамж дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл оюутан, сурагч та энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 2023 оны хавар оролцоорой.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn